Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын төрийн тэргүүн, Пап Арвандөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийлээ.
Пап Арвандөрөвдүгээр Леог Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, даян дэлхийн католик шашны тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буйд санал нэгдэж, улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, түүх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.
Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ядуурал зэргийн эсрэг хамтран ажиллахаа нотоллоо.

Пап Арвандөрөвдүгээр Лео 2025 онд 267 дахь Папаар сонгогдсон. Гэгээн Августинийн шашны сургууль, АНУ-ын Виллановагийн их сургуулийг тоо, философийн чиглэлээр, Чикаго хотын Католик теологийн холбоонд шашны чиглэлээр суралцаж төгссөн. Ром хотын Гэгээн Томас Аквинасын нэрэмжит Папын харьяаны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.
Гэгээн Ширээт Улс нь Италийн Ром хотын дотор 0.44 км2 нутаг дэвсгэртэй хот улс юм. 900 орчим хүн амтай бөгөөд ихэнх нь итали, швейцар гаралтай.
Улсынх нь төсөв 890 гаруй сая евро. Арилжааны бус өвөрмөц эдийн засаг, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн орлого, католик шашинтнуудын хандив, өргөл, шашны ном, бичиг баримт хэвлэх, музей, дурсгалын зоос, медалийн орлогоос санхүүждэг.
Дэлхийн 183 улс болон Европын Холбоотой дипломат харилцаатай. Олон улсын 34 байгууллагад бүрэн эрхт гишүүн болон байнгын ажиглагчийн статустай.
Гэгээн Ширээт Улс нь шашны болон дипломат ёслолын нарийн дэг баримталдаг юм байна.
Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Монгол дахь Ромын католик шашны тэргүүн Ж.Маренго 2022 онд орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу кардиналаар сонгогдсон.

Гэгээн Ширээт Улс 1993 онд хүмүүнлэгийн тусламжаар 1,000 кг эм, эмнэлгийн материал, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад 31 мянган ам.доллар хандивлаж байсан.
Мөн 2000 оны зудын хохирлыг арилгахад зориулж Ромын Пап Гэгээн хутагт II Ион Павел хувиасаа 50 мянган ам.доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30 мянган ам.доллар хандивлаж байлаа.
Тус улсын тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд манай улсын ес, Италид хоёр оюутан суралцжээ.
| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа | ||
| Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.