Шууд Chart

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2025-12-06 09:08:12

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно” гэж, мөн зүйлийн 32.3 дахь хэсэгт “.. хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцно” гэж заасны дагуу Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуулийн төсөл татан авах тухай албан бичгийг ирүүлжээ. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас татан авч байгаа талаар Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулсан.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ Пүрэв гарагийн (2025.12.05) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэн ирүүлсний дагуу өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 51 буюу 76.1 хувийн саналаар дэмжив. Иймд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсан тооцож, энэ талаар Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ийнхүү Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.


Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ   
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй