Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг энэ Пүрэв гарагийн (2025.12.04) нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулсан байв.
Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтуудыг явууллаа.
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 72.1 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн Байнгын хорооны саналаар тус бүрд нь санал хураалт явуулав. Ингээд Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Энэ Пүрэв гарагийн (2025.12.04) нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсныг өнөөдөр үргэлжлүүлсэн. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 69 гишүүний олонх буюу 73.9 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
| Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
| Үзсэн: 208 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.