Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Тусгай замын автобусны систем (BRT) байгуулах 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа.
Төслийн хүрээнд “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт хөтөлбөр” буюу IF-CAP хөтөлбөрөөс мөн 500,000 ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Энэхүү зээлийн хэлэлцээрийг Сангийн яам, НЗДТГ, АХБ, НТУГ-аар үе шаттай хэлэлцэж, ийнхүү Азийн хөгжлийн банкнаас баталж байна.
“Улаанбаатар хотод анх удаа шинээр нэвтэрч буй энэхүү Тусгай замын автобус /BRT/ систем нь зорчигчдод нийтийн тээврийн өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой”-г АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд “Энэ нь иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээвэр хэрэглэхэд түлхэц болно хэмээн найдаж байна. Ингэснээр түгжрэлийг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих, агаарын бохирдлыг багасгахад туслах юм” гэв.
Улаанбаатар хотын хүн амын эрчимтэй өсөлтийг даган бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдэж, улмаар замын түгжрэл ноцтой хэмжээнд хүрч, эдийн засгийн бүтээмж болон нийслэл хотын амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Замын түгжрэлийн улмаас оргил ачааллын үе буюу үдээс хойших цагуудад нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний хурд цагт 10 км/ц-аас доош буурч, дизель хөдөлгүүр бүхий автобусны ялгаруулах бохирдол улам бүр нэмэгддэг.
“Улаанбаатар хотын тээврийг сайжруулах төсөл” -ийн хүрээнд Тусгай замын автобус системийн зураг төслийг боловсруулж, барьж байгуулах бөгөөд энэ нь өндөр хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг багатай автобусны үйлчилгээ юм. Тус систем нь замын голд байрлах автобусны тусгай эгнээ, урьдчилсан төлбөрт систем, бүх хүнд хүртээмжтэй буудлууд, уулзварууд дээр автобусанд давуу эрх олгох гэрлэн дохио, дугуйн зам болон явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барьж байгуулна гэдгийг тодотгожээ.
Энэхүү санаачилга нь Азийн хөгжлийн банкны 2025–2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн тэргүүлэх чиглэлүүд болон хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд гаргасан үндэсний тодорхойлсон хувь нэмрийг ахиулахад дэмжлэг үзүүлэх аж.
Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа Азийн хөгжлийн банк нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог хэмээн онцолж байна.

| Тусгай замын автобусны (BRT) систем байгуулах 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа | ||
| Үзсэн: 263 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.