Шууд Chart

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтыг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-11 11:47:21

Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьд хүрээд байна.

Өвлийн нөхцөлд барилга угсралтын ажилд өндөр шаардлага тавигддаг тул талбайн инженерүүд тусгай аргачлал боловсруулан бетон цутгалтыг хэвийн үргэлжлүүлэх зохицуулалтыг хийжээ.

Тодруулбал, цутгалт явагдах хэсгийг бүрэн битүүмжилж, дотор орчны температурыг +10 хэмд тогтвортой барин, бетон 70 хувийн бат бэхдээ хүртэл дулааны арчилгаа хийж буй нь бүтээцийн чанар, тэсвэртэй байдлыг хангахад онцгой ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна.

Түүнчлэн төслийн буудал болон тулгуур угсралтын ажил 42.5 хувьтай, тулгуур багануудын суурийн ажил 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Буудлын барилгын каракасын бетон цутгалт 75 хувьд хүрч, хэв хашмал угсралт, арматурын зангилаа, дотор инженерийн холболтын бэлтгэлийн ажлууд зэрэгцэн хийгдэж байна. Дүүжин замын тээврийн шугамын тоноглолын суурилуулалт 2026 оны нэгдүгээр улиралд эхэлнэ. 

Төслийн урьдчилсан судалгаагаар дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Баянгол болон Хан-Уул дүүргийг холбосон нийтийн тээврийн шинэ төрөл бий болж, авто замын ачаалал буурах, зорчигчдын зорчих хугацаа богиносох, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болохыг тогтоосон байна. Мөн төсөл хэрэгжсэнээр тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 4 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.


Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтыг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй