Шууд Chart

Нийслэл, дүүргийн татварын орлогын биелэлт 94 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-11 17:11:52

Сангийн сайд Б.Жавхлан төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн татварын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажиллалаа. 

Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар “2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэл, дүүргийн татварын албаны улсын төсөвт төвлөрүүлэх орлого сар сараар биелж явсан. Гэхдээ уул уурхай туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны доголдол болон оны 11 дүгээр сарын сүүлээр УИХ дахь АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд аж ахуйн нэгж, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн. Улмаар 12 дүгээр сарын эхний долоо хоногоос орлого их хэмжээгээр тасарсан.

Харин Сангийн яамнаас татвар төлөгчдийг цаг хугацаандаа татвараа төлөхийг уриалсан мэдэгдэл гаргаснаас хойш эргэлзээ, хүлээлт арилж, хэвийн төвшиндээ ороод явж байна. Нийслэл, дүүргийн татварын албууд төсөвт өдөрт 20 тэрбумыг оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сангийн сайдын 02 тоот албан даалгаврын дагуу оны эцэст татварын төлөвлөгөө бүрэн биелүүлнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа" талаараа танилцууллаа.

Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсүүд улс, нийслэл, орон нутгийн төсөвт татварын орлогын 5,5 их наяд төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар улсын төсөвт 1.7 их наядын татварын орлогын төлөвлөөтэйгөөс 1.6 их наяд төгрөгийг төвлөрүүлж 94 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан татварын орлогын төлөвлөгөөг заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх, татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг сайн өгч ажиллах үүргийг нийслэл, дүүргийн татварын газрын удирдлагуудад өглөө гэж Сангийн яамнаас мэдээллээ. 


Нийслэл, дүүргийн татварын орлогын биелэлт 94 хувийн гүйцэтгэлтэй байна  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй