БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэгт орсон зарим шинэчлэлтийн талаар мэдээлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдээлэлд:
"БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15(Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу.
1. Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.
2. Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болов. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвд хандан мэдүүлэх шаардлагатай.
3. Мөн өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”(Fast Track)-ыг шинээр бий болгож буй тул монгол иргэд “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)” дэх эмчилгээ(C-3-3)-ний визний зөвлөгөөг өгөх хэсэгтэй холбогдохыг хүсэж байна.
4. Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг 9 эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн Эмнэлэгийг нэмснээр цаашид 11 эмнэлэгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.
5. Иймд дээрх агууллагуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэрэг холбогдох цахим хуудсуудад тавих тул тэдгээр цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь цаашид үргэлжлүүлэн монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн БНСУ-д зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно" гэжээ.
| БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд | ||
| Үзсэн: 214 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.