Шууд Chart

“Тусгай замын автобус” төслийн санхүүжилт болох АХБ-ны зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжлээ

2025-12-17 11:41:38

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тусгай замын автобус (BRT) төслийн санхүүжилт болох Азийн хөгжлийн банкны зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ.

Уг асуудлыг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал хуралдаанд танилцуулсан бөгөөд энэхүү систем нь тусгайлсан эгнээтэй, замын хөдөлгөөний гэрлэн дохионы давуу эрхтэй, урьдчилсан төлбөрийн системтэй, зорчигч солилцоо хурдан явагддаг зэрэг олон улсын стандартад нийцсэн шийдэл гэдгээрээ давуу талтайг онцлов. Мөн Улаанбаатар хотын авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа уртсаж, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй энэ нөхцөлд өндөр багтаамжтай, хурдан нийтийн тээврийн шийдэл зайлшгүй шаардлагатай болсныг дурдсан юм.

Засгийн газрын хуралдаанаар уг төслийг дэмжих нь нийслэлийн урт хугацааны хөгжлийн бодлого, нийтийн тээврийн шинэчлэлтэй уялдаж байгааг онцолж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд төслийг шат дараатай хэрэгжүүлэх, холбогдох гэрээ хэлцлийг байгуулах, дараагийн бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. 

Дашрамд дурдахад, төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор 2025 оны 12 сард баталсан бөгөөд энэ хүрээнд “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт хөтөлбөр” буюу IF-CAP хөтөлбөрөөс мөн 500,000 ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Энэхүү зээлийн хэлэлцээрийг Сангийн яам, НЗДТГ, АХБ, НТУГ-аар үе шаттай хэлэлцэж, Азийн хөгжлийн банкнаас баталсан билээ. 

Төслийн хүрээнд замын голд байрлах автобусны тусгай эгнээ, урьдчилсан төлбөрт систем, бүх хүнд хүртээмжтэй буудлууд, уулзваруудад автобусанд давуу эрх олгох гэрлэн дохио, дугуйн зам болон явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барих юм.


“Тусгай замын автобус” төслийн санхүүжилт болох АХБ-ны зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжлээ  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй