Шууд Chart

Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо

2025-12-24 16:21:19

Татварын багц хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Сангийн яам Татварын багц хуулийн төслийг боловсруулахдаа улс орон даяар 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, 150 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Дээрх уулзалт, хэлэлцүүлгээс гарсан 176 мянга гаруй санал болон олон улсын байгууллагуудын зөвлөмж, татварын өнөөгийн орчинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн эдийн засаг, төсвийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулав.

Хуулийн төсөлд:

Иргэдийн сарын худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч НӨАТ-ыг 20-100 хувиар хөнгөлж буцаан олгох,

Татварын өртэй байгууллагын банкин дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх,

Улаанбаатараас орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэх,

Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн орлогын тодорхой хэмжээг ХХОАТ-аас хөнгөлөх,

ААН-үүдийн 25 хувиар татвар төлөх босгыг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулах зэрэг заалтуудыг тусгалаа.

Татварын багц хуульд бүх нийтээрээ шударга төлдөг, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон юм.

Мөн гааль, татварын байгууллагын үйл ажиллагааг илүү зөвлөн туслах тогтолцоо руу шилжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг тусгав.

Татварын багц хуулийн үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.6 орчим их наяд төгрөгөөр буурахаар тооцсон бөгөөд дээрх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 


Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй