Шууд Chart

УГТЭ: 2025 онд зүрх судасны мэс заслын 4 шинэ технологийг Монгол Улсад анх удаа амжилттай нутагшуулж чадлаа

2025-12-25 12:52:28

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр 4 шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулснаар гадаад улсад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бодитойгоор бууруулж байна.

Тус эмнэлэг 2025 онд нийт 1206 хүнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ. Үүнээс 191 хүнд зүрхний төрөлхийн гажгийн нээлттэй мэс заслын эмчилгээг хийсэн бөгөөд нийт хийгдсэн мэс заслын үйлчилгээний 18.7 хувь буюу 226 тохиолдол нь 0–16 насны хүүхдэд эзэлж байна.

Гол судасны хүнд хэлбэрийн хуулрал, нарийслын үед хавхалгыг хиймэл хавхлагаар солихгүйгээр өөрийн хавхлагыг хадгалан нөхөн сэргээх мэс заслыг титэм судасны эмгэгтэй хавсарч хийх мэс заслыг Монгол Улсад анх удаа амжилттай гүйцэтгэлээ.

Хүүхдийн зүрхний хавхлага болон гол судасны угийн хэмжээ жижиг байдгаас шалтгаалан хиймэл хавхлага хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг тул хавхлагыг засах, нөхөн сэргээх мэс засал эмчилгээний гол сонголт болдог. Энэ хүрээнд “Бо-Ян”-ны техникийг ашиглан механик протезоор солих мэс заслыг тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг анх удаа Монгол Улсад нэвтрүүллээ.

Митрал хавхлагыг минимал инвазив аргаар солих, мөн митрал хавхлагын халдварт эндокардитийн үед минимал инвазив хүрцээр мэс засал хийх технологийг БНСУ-ын зочин профессорын багтай хамтран Монгол Улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү технологи нь өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг 2–3 хоногоор богиносгож, шархны эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай арга юм.

УГТЭ нь цаашид зүрх судасны мэс заслын өндөр түвшний лавлагаа тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, иргэдийг эх орондоо чанартай, аюулгүй, эдийн засгийн дарамтгүй, эрүүл мэндийн даатгалаараа эмчлүүлэх боломжийг бүрэн дүүрэн бүрдүүлэхийн төлөө тууштай зорилго тавин ажиллаж байгаа билээ.

 


УГТЭ: 2025 онд зүрх судасны мэс заслын 4 шинэ технологийг Монгол Улсад анх удаа амжилттай нутагшуулж чадлаа  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй