Шууд Chart

АНУ: Николас Мадурог албан ёсоор яллагдагчаар татжээ

2026-01-04 08:26:03

АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргий Силия Флорес нарыг Нью-Йорк хотын Өмнөдийн тойргийн холбооны шүүхэд албан ёсоор яллагдагчаар татсаныг зарлалаа. Тэднийг “мансууруулах бодистой терроризм” үйлдэхээр хуйвалдсан, АНУ руу кокаин импортолсон, мөн АНУ-ын эсрэг ашиглах зорилгоор зэвсэг, тэсрэх төхөөрөмж хадгалсан хэмээн буруутгаж байгаа аж.

Пэм Бонди энэ талаар Х нийгмийн сүлжээндээ “Удахгүй тэд Америкийн газар нутагт, Америкийн шүүхэд Америкийн шударга ёсны бүрэн хүчтэй тулгарах болно” хэмээн бичжээ.

АНУ Николас Мадурод 2020 онд авлига, хар тамхины худалдаа болон бусад ноцтой хэрэгтэй холбогдуулан хэрэг үүсгэж, түүнийг баривчлахад тустай мэдээлэл өгсөн хүнд 50 сая ам.долларын шагнал амлаж байсан билээ.

АНУ-ын уг ажиллагаатай холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яам Венесуэлийн нөхцөл байдалд ихээхэн түгшиж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд АНУ-ын түрэмгий шинжтэй үйл ажиллагааны үеэр тусгаар тогтносон улсын Ерөнхийлөгчийг баривчилж, хүчээр улсаас нь авч гарсан гэх мэдээлэлд маш их санаа зовниж байгаагаа онцлон тэмдэглээд, энэ нь Венесуэлийн бүрэн эрхт байдалд халдсан хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гэжээ.

Мөн Европын холбоо Венесуэлийн асуудлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн байна. Европын комиссын тэргүүн Кая Каллас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярилцаж,  НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйг чандлан дагаж мөрдөх шаардлагатайг онцолсон байна.


АНУ: Николас Мадурог албан ёсоор яллагдагчаар татжээ  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2026-01-04 09:12
АНУ яг тодорхой үндэс угсаагүй нэгдсэн улс учир хүссэн бүхнээ хийхээр улайрч байна Даварч байнадаа

Бидэнтэй нэгдээрэй