АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог Америкийн тусгай ажиллагааны хүчнийхэн “цайз шиг хатуу хамгаалалттай” байшинд байхад нь баривчилсан талаар телевизэд өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй мэдээллээ. Түүний хэлснээр уг ажиллагаа маш богино хугацаанд, гэнэтийн байдлаар өрнөсөн бөгөөд Мадуро хамгаалалтын тусгай бүсэд нэвтрэх завдалгүй баривчлагдсан байна.
Трамп Флорида дахь Mar-a-Lago дахь ордондоо генералуудтай хамтран сууж, “онцгой нарийн төвөгтэй” уг ажиллагааны бүх явцыг бодит цагийн горимоор хянаж байснаа дурджээ. Анхны төлөвлөгөөгөөр Мадурог хэд хоногийн өмнө баривчлахаар байсан ч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан ажиллагааг хойшлуулж, дөрвөн өдөр хүлээсний эцэст гүйцэтгэсэн гэж тэрбээр тайлбарласан байна.
Трампын ярьснаар Мадуро тухайн үед маш өндөр хамгаалалттай байшинд байсан бөгөөд уг барилга нь ган хаалга, бүх талаараа бат бөх гангаар хийсэн “аюулгүй бүс” бүхий байгууламж байжээ. Гэвч Америкийн тусгай хүчнийхэн маш хурдан шуурхай ажиллагаа явуулсны улмаас Мадуро уг хамгаалалтын бүсэд орж амжилгүй баривчлагдсан байна. Тусгай хүчнийхэн ган хаалгыг нэвтлэх бүх техник, тоног төхөөрөмжийг бэлдсэн байсан ч хэрэглэх шаардлага гараагүй гэж Трамп мэдэгджээ.
Телевизэд өгсөн мэдээний АНУ-ын албаны эх сурвалжийн хэлснээр уг ажиллагаанд АНУ-ын армийн Delta Force шууд оролцож, Николас Мадурог биечлэн баривчилсан бол Тагнуулын төв газар түүний байршлыг тогтоох тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлсэн байна. Мөн ажиллагааны өмнө цэргүүд баривчилгаа хийх байшинтай яг ижил загвартай барилгыг урьдчилан барьж, нарийвчилсан дадлага сургуулилалт хийсэн гэж Трамп онцолжээ.
Уг ажиллагааны үеэр Америкийн талаас амиа алдсан цэрэг байхгүй бөгөөд цөөн тооны цэрэг шархадсан ч биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Доналд Трампын мэдээлснээр Николас Мадуро болон түүний гэргий Силия Флорес нарыг нисдэг тэргээр АНУ-ын тэнгисийн цэргийн USS Iwo Jima хөлөгт хүргэж, улмаар Нью-Йорк хотод авчран “мансууруулах бодистой терроризмд хуйвалдсан” зэрэг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шүүхээр төлөвлөж байгаа байна.
Венесуэлийн цаашдын нөхцөл байдлын талаар асуухад Трамп АНУ одоогоор дараагийн алхмаа тодорхойлж байгаа хэмээгээд, “өмнөх дэглэмийг өөр хүн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхгүй” гэдгийг онцолсон байна. Тэрбээр Венесуэлийн ард түмэнд эрх чөлөө авчрах, АНУ-тай харилцааг шинэ шатанд гаргах зорилготой байгаагаа мөн илэрхийлжээ.
| Трамп Венесуэлд явуулсан ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар хийв | ||
| Үзсэн: 1387 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.