Шууд Chart

Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-01-06 16:43:25

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, түшиц хана болон тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна. Мөн үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээг хийж буй. Уг төслийн гүйцэтгэгчээр "Билгүүн Монгол Констракшн" ХХК ажиллаж байна. Гуравдугаар сараас ажил үргэлжлэх юм. Түшиц хана болоод голын голдирол тохируулах ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Харин тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний зам болоод бусад тохижилтыг хийж байгаа юм. Тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэж байна.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Зэвэрдэггүй ган, 4 мм-ийн зузаантай, 1.2 метр өндөртэй төмрөөр явган замын хашлага хийж байна. Мөн голын хажуугаар гэрэлтүүлэг хийсэн. Малгайвчууд хийсэн. Хашлага, малгайвчийн үлдсэн ажлууд бусад ажилтай уялдан хийгдэж байна” гэлээ.

“Силла групп”-ийн төслийн удирдагч Х.Халиун “2025 оны есдүгээр сарын 6-нд үерийн далангийн дотор болон гаднах явган замын тохижилтын ажлыг авсан. Бид гуравдугаар сард дулаарч эхлэхээр ажлаа эхлэхээр төлөвлөж байна. Тус ажил 50 хувьтай байна” гэлээ.


Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй