Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хамт Хэнтий аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газарт ажиллалаа.
Уулзалтаар аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газрын хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар сонсож, салбарын яамны боловсруулж буй хуулийн төслүүд, ирэх онд баримтлах бодлогын чиглэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Оролцогчдын зүгээс 2026 онд батлагдсан төсөвт шатахуун, томилолт, бараа материалын зардлыг нэмэгдүүлэх, сумдад ажиллах туулах чадвартай автомашины дэмжлэг үзүүлэх, бүтэц орон тоог бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, азотын үйлдвэр байгуулах, 2025, 2026 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд орон нутгаас төсөв батлаагүй учир зээл олгох боломжгүй байдал үүссэн, Зүүн бүсийн хэмжээнд малын тэжээлийн үйлдвэр болон үр тариа хадгалах 10000 тонны элеватор байгуулах зэрэг асуудлыг хөндлөө.
Мөн Хэрлэн сумын нутаг Дулааны талд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй услалтын системийн барилга угсралтын ажил удаашралтай байгаад онцгойлон анхаарч өгөхийг салбарын сайдаас хүсэв.
Иймд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Дулааны талын 700 га-гийн услалтын системийн төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Төслийн гүйцэтгэгчээр Жинсийн орой” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Анх төслийг 2023 оны есдүгээр сард дуусгахаар тогтсон ч хүлээлгэн өгөх хугацааг удаа дараа хойлуулж, тухай бүр төсвийн алдагдал үүсэж байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд хэллээ.
Уг төсөл дуусаж, ашиглалтад орсноор үр тариа, хүнсний ногооны усалгаатай тариалалт эрхлэх боломж бүрдэх юм.
М.Бадамсүрэн сайд төрийн ажлыг удаашруулж байгаа компанид хатуу шаардлага тавьж, хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг тэмдэглээд нөхцөл байдлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| "Дулаан тал" услалтын системийн төслийн явцтай танилцлаа | ||
| Үзсэн: 466 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.