Шууд Chart

Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа

2026-01-08 15:36:09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зентэй уулзлаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Австрали улс нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь манай чухал түнш, гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч орон. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл гэсэн хоёр гол асуудлыг шийдвэрлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэл хот хагас коксон түлшинд шилжсэнээр агаарын бохирдол 30 орчим хувиар буураад байгаа. Мөн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхүүдийг газын хэрэглээнд үе шаттай шилжүүлж байна. Авто замын түгжрэлийг бууруулахын тулд шинээр дугаар олгох, хэт хуучирсан машиныг хориглосон. Түүнчлэн мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Австралийн холбооны улстай хотын инженер, техникийн ажилчдын ур чадварыг сайжруулах чиглэлээр болон дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгийг илэрхийллээ.

Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зен “Манай улсын Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх чиглэлээр хүчин зүтгэл гаргаж байгаад тань талархал илэрхийлье. Агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудлыг аль ч улсад шийдэхэд амар байдаггүй. Үүнийг шийдэхэд манлайлан ажиллаж байгааг харах таатай байна. Улаанбаатар хот өнгөрсөн 20 жилийн өмнөхтэй харьцуулахад яаж өөрчлөгдөж байгааг бид харж байна. Анх би 2009 онд Монгол Улсыг хариуцан ажиллаж байлаа. Тэр үеэс хойш Улаанбаатар хот өргөжин тэлж, хөгжиж, хүн ам ч өссөн байна. Монгол Улс, нийслэл хотын зүгээс авч хэрэгжүүлж байгаа тэргүүлэх чиглэлийн бодлоготой бидний ажил мөн уялдана. Цаашид хотоос хэрэгжүүлэх аливаа төсөл арга хэмжээнд хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.


Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй