Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны эхний буюу ээлжит 1 дүгээр хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох болон бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 13 асуудал хэлэлцлээ.
Засгийн газрын 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Даланзадгадад 50МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжаалах эрхийг Өмнөговь аймгийн Засаг даргад олгосон. Энэхүү шийдвэрийн дагуу уг бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалах зохицуулалтыг өнөөдрийн ээлжит хуралдаанаар баталлаа.
Тус бондыг 2026–2028 онд дотоодын зах зээлд олон нийтэд санал болгох замаар хэсэгчлэн гаргах буюу 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү орон нутгийн анхны бонд нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдсан томоохон дэд бүтцийн төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн чухал алхам болж байгаа юм. Тодруулбал, бүс нутгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх, суурь дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгох замаар улсын болон орон нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Ингэснээр УИХ, Засгийн газрын бодлого, зорилт бодит санхүүжилтээр баталгаажиж, орон нутгийн хөгжилд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил урагшлах боломж бүрдэж байна.
Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны хуралдааны товыг баталж, уг товыг хорооны цахим хуудсанд байршуулснаар зохицуулалтын байгууллагууд, компаниуд болон олон нийтэд хурлын шийдвэр гаргалтын үйл явцын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал хангагдаж байна.
Түүнчлэн 1 компанид үнэт цаасны дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор, 1 компанийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр, 2 хадгаламж, зээлийн хоршоо болон нэр бүхий 60 даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
| Орон нутгийн анхны бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гаргалаа | ||
| Үзсэн: 435 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.