Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, цахим засаглал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод, шуурхай, үр ашигтай болгох зорилтын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, бүртгэл, статистикийг нэг эх сурвалжид төвлөрүүлэх зорилго бүхий Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Хууль зүйн салбарт хийгдэж буй дижитал шилжилтийн шинэ үеийг эхлүүлж, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг илүү ил тод, хариуцлагатай, уялдаа холбоотой болгох зорилготой тус мэдээллийн нэгдсэн сангийн нээлт өчигдөр боллоо.
Мэдээллийн нэгдсэн санг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр төрийн байгууллагын хэрэгцээ, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлсэн системийн хөгжүүлэлтийг “Ай ТиЗон” ХХК хийж гүйцэтгэжээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөрчил шалган шийдвэрлэх болон хяналт тавих үүрэг бүхий байгууллагууд зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байх, энэхүү сангаар дамжуулан мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг тодорхой тусгаснаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой хангах, прокурорын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чухал дэвшил гарч байгааг дурдах нь зүйтэй гэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 65 чиг үүргийн 13 мянга орчим эрх бүхий албан тушаалтан жилд дунджаар 4 сая гаруй зөрчлийг шалган шийдвэрлэж байна. Ийнхүү зөрчлийн мэдээллийн нэгдсэн санг хэрэглээнд нэвтэрснээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид прокурорт заавал биечлэн очих шаардлагагүй болж, интернэт холболттой аль ч газраас нэгдсэн санд нэвтэрч, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цахимаар бүртгэх боломжтой боллоо.
Мөн зөрчлийн хэргийн дугаарыг автоматаар олгох, баримт бичгийг системээс боловсруулах боломж бүрдлээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

| Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хэрэглээнд нэвтрүүллээ | ||
| Үзсэн: 350 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.