Шууд Chart

Өвөрхангай аймгийн зарим суманд өвс, тэжээлийн нөөц дуусжээ

2026-01-09 11:29:49

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан болон холбогдох албаныхан Өвөрхангай аймагт (2026.01.08-09) ажиллалаа.

Аймгийн болон сумдын онцгой комиссоос танилцуулсан мэдээллээр аймгийн хэмжээнд нийт нутгийн 80 хувь цастай, 34 хувьд зудын өндөр эрсдэл үүссэн.

Уянга, Нарийнтээл, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Өлзийт сумдад өвөлжилт хүндэрч, зарим сумын өвс, тэжээлийн нөөц дууссан байна.

Нийт 133.8 мянган толгой мал гадны 14 аймгийн 50 суманд отроор өвөлжиж байгаа аж.

Өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг аймгийн хэмжээнд 75 хувь, сумдын хэмжээнд 48 хувьтай бэлтгэл хангасныг танилцуулав.

Сант сум нийт мал сүргийнхээ 40 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. 10 сараас 12 сар хүртэл цас ихээр орж сумын нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн. 11 сарын 7-оос эхлэн мал бэлчээрлэх байдал хүндэрч малыг тэжээлд оруулж эхэлжээ. Малчдын гар дээрх өвс тэжээл дуусч, сумын аюулгүйн нөөцийг малчдад олгосноор өвсний нөөц дууссан гэдгийг сумын удирдлага танилцуулав.

Бэлчээрээс мал өвс идэх боломжгүй болсон учраас 500 гаруй мал өлдөж хорогджээ.

Цаашид 4 сар гартал малыг тэжээх өвс тэжээлийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэхийг салбар яам, улсын онцгой комиссоос хүсэв. Түүнчлэн сумын хүн эмнэлэг, цагдаагийн газар яаралтай дуудлагаар явах автомашингүй. Хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох, өвөлжилт хүндэрсэн сум, багууд, айл өрхийн хооронд зам гаргах, малын бэлчээрт хүрэх жим гаргах туулах чадвар сайтай техник хэрэгсэл, шатахуун, тослох материалын дэмжлэг шаардлагатай байгааг уламжиллаа.

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав Засгийн газраас өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн аймгуудад улсын нөөцөөс тэжээл олгох шийдвэр гарсан. Үүнээс Өвөрхангай аймагт 549 тн тэжээл хуваарилсан. Тус нөөцийг аймгийн онцгой комиссоос татан авч сумдад хуваарилах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгов.

МЭЕГ-аас Өвөрхангай аймгийн мал эмнэлэгт шаардлагатай эм бэлдмэл, санхүүжилтийн дэмжлэгийг шийдвэрлэлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Өвөрхангай аймгийн зарим суманд өвс, тэжээлийн нөөц дуусжээ   
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй