Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Тэрбээр Эрдэнэцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Онцгой комисс, төсөвт байгууллагын удирдлагуудтай нэгдсэн уулзалт хийлээ.
Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн болдлогод Эрдэнэцагаан сумыг сум дундын хөгжлийн төв байхаар тусгасан. Энэ хүрээнд малчид, тариаланчид, өрхийн, жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, хоршоодод мэдээлэл, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, арьс, ширний ангилан ялгалт хийж, анхан шатны боловсруулалт хийх бага оврын үйлдвэр, ноос, ноолуур, хөөвөр ангилан ялгах төв, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйлчилгээ үзүүлэх "Орон нутгийн хөгжлийн төв" төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна" гэв.
Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ч.Алдарбат өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн, бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг тэмдэглээд нэгдсэн мал эмнэлэг барих, экспортын зориулалттай хөдөө аж ахуй, мал аж ахуйн цогц үйлдвэр хөгжүүлэх шаардлагатай, өвс экспортлохыг хориглосон удаа дараагийн шийдвэрийн улмаас ӨМӨЗО-ны Шилийн гол аймагтай өвс бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 2016 баригдсан барилгаа одоо болтол хүлээж авч чадахгүй байгааг хэллээ.
Уулзалтын үеэр оролцогчид бизнес хийх хүсэлтэй өрхийн үйлдвэрлэгчид олон байдаг ч Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн шалгуурт тэнцэх иргэд, малчид байдаггүй тул тус сангийн журмыг амьдралд нийцүүлэн шинэчлэх хэрэгтэйг онцлов. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл, өгч оролцогчдын асуултад хариуллаа.

Мөн Бичигт боомт дээр хүнсний байцаагч, хүнсний лаборатори байгуулах, орон нутгаас иргэдэд хөдөлмөр эрхлэгчид барьцаа хөрөнгийн батлан даалт олгох зохицуулалт хийх, 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа шинэ сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг төсвийн тодотгол хийн тусгаж өгөх талаар дэмжин ажиллах, үзэмчин үүлдрийн хонио хамгаалан өсгөх, мал үржүүлгийн асуудалд төрийн бодлогоор анхаарч сум бүрт үржлийн албатай байгуулах зэрэг санал дэвшүүлсэн юм.

Иймд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн олон жил гацсан барилгуудын явц, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох сайд нар уламжилж, зохицуулалт хийх боломжийг судлан, дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Хоршоо хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх хэрэгтэй гэв | ||
| Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.