Шууд Chart

Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ

2026-01-10 13:43:45

”Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-т зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн эхэллээ.

14 дэх удаагаа болж буй тус тэмцээнд энэ жил 5800 шатарчин оролцсоноос, шигшээ тэмцээнд эрэгтэй 108, эмэгтэй 40, нийт 148 шатарчин шалгарчээ. Анхан шатны сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12-р сарын 06-07-ны өдрүүдэд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 20-21-ний өдрүүдэд болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ тэмцээний нээлтэд оролцож, үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, Монголын шатрын холбооноос оюуны энэ спортыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд жил ирэх тусам шатар сонирхогч хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна. Цаашид шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт багтааж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна" гэв.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээнд 50 орчим шатарчин оролцож байсан бол өдгөө цар хүрээ нь өргөжиж, оролцогчдын тоо 100 дахин нэмэгджээ.

Энэ тэмцээнд 1800-2000 хүртэлх чансаатай, цол аваагүй 25-аас дээш насны шатарчид оролцох дүрэмтэй.

Амжилт гаргаж, эхний гурван байрт шалгарсан шатарчдад Спортын дэд мастер цол олгодог юм. 14 жилийн хугацаанд 26 шатарчин улсын цолтой болжээ.

Тэмцээний аваргууд ням гарагт тодорно.


Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй