Хөшигийн хөндий, Оргоч уул орчим дахь ачаа терминалаас бараа бүтээгдэхүүнийг төвлөрсөн байдлаар түгээх, дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар төслийн нэгдүгээр үе шатны барилга угсралтын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна.
Төслийн хүрээнд гуравдугаар зэрэглэлийн 102.8 км урт, 1520 мм царигтай төмөр зам барьж байгуулах бөгөөд уг зам нь гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. Энэхүү салбар төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгалыг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр дагуул хотууд болон логистикийн бүсүүдээр дамжуулан зохион байгуулах боломж бүрдэж, ачаа тээврийн үндсэн дэд бүтцийн суурь болох юм.
Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар үе шатанд үлдсэн 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг тус тус хэрэгжүүлнэ. Цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор талбайн ажлыг түр зогсоосон. 2026 оны гуравдугаар сарын 15-наас барилгын ажлыг дахин эхлүүлнэ. Энэ хүрээнд инженер, техникийн ажилтнууд талбайн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байгаа юм.
| Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна | ||
| Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.