Шууд Chart

Дүүжин замын тээврийн төслийн кабинуудыг агуулахад буулгалаа

2026-01-14 11:18:52

Дүүжин замын тээврийн төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Францаас нийлүүлж байна.

Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж буй бөгөөд өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ. 

Төслийн кабиныг ухаалаг, аюулгүйн системээр тоноглосон

Энэхүү кабиныг “Пома” группийн охин компани болох SIGMA-д үйлдвэрлэж, бүтээгдэхүүний стандарт, чанар, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр нийлүүлж буй аж. Пома группийн SIGMA үйлдвэр нь кабин үйлдвэрлэлийн туршилтыг хийхдээ 24 цагийн турш усаар шүршин ус нэвчилт байгаа эсэхийг шалгадаг бөгөөд кабины хаалга нээж, хаах ажиллагааг нарийвчлан шалгадаг. Түүнчлэн хаалга хаагдах үед хүний гар гэмтээх эрсдэл үүсэх эсэхийг даралт хэмжигч багажаар хэмжиж, хаалтын хүчийг килоньютнээр тодорхойлон тохируулдаг байна. Түүнчлэн хүний гар, хөл хавчигдсан тохиолдолд автоматаар мэдрэн буцааж нээх ухаалаг системтэй бөгөөд энэхүү тохируулга, туршилтыг Пома групп тогтмол хийдэг байна. Кабин - кабелийн хавчаар механизм нь автомат болон механик давхар түгжээтэй тул ашиглалтын явцад салж, мултрах эрсдэлийг бүрэн арилгадаг байна. 

Кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээгддэг ухаалаг системтэй. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан бөгөөд салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжинэ. 

Систем тасралтгүй ажиллах олон улсын стандарттай

Дүүжин замын тээврийн систем нь инженерийн нарийн шийдэл, олон давхар хамгаалалтад суурилсан аюулгүй байдлын цогц системээр гэдгээрээ орчин үеийн нийтийн тээврийн хамгийн найдвартай хэлбэрүүдийн нэгд тооцогддог талаар Дүүжин замын тээврийн төслийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Э.Энхбат ярьж байна. Тэрбээр “Системийн хувьд үндсэн болон нөөц гэсэн давхар тоормосны системтэйгээс гадна цахилгаан тасарсан тохиолдолд ажиллах нөөц тэжээлийн эх үүсвэртэй. Онцгой нөхцөл үүсэхэд зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө, аврах тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу бэлэн байлгадаг. Эдгээр шийдлийг Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн системд бүрэн нэвтрүүлнэ” хэмээн онцлов. Аюулгүй байдлын эдгээр шийдлүүд нь зөвхөн зураг төслөөр хязгаарлагдахгүй бөгөөд ашиглалтад оруулахын өмнө нарийн шалгуур бүхий олон шатны туршилтаар баталгаажуулдаг байна. Бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэл тухайн кабины багтаамжтай дүйцэх жинтэй ус, шуудайтай элс зэргээр орлуулан үе шаттайгаар туршилт явуулдаг ажээ. 

Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хувьд нэг кабинд 10 зорчигч суух боломжтой. Тиймээс шуудайтай элс, усаар орлуулан 850 кг-тай дүйцэх жинг байршуулж, нийт 3 сарын хугацаанд шат дараалсан туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн кабинуудад халдаг сандлыг шийдэж өгсөн. Ингэснээр өвлийн улиралд ч зорчигчид дулаан тухтай зорчих боломжтой болно. 

Төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжихээс гадна суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй болгох ач холбогдолтой. Мөн тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.


Дүүжин замын тээврийн төслийн кабинуудыг агуулахад буулгалаа  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй