Монгол улсаа төлөөлөн “Дэлхийн Мисс” тэмцээнд оролцох “Miss World Mongolia 2026” тэмцээний үндэсний ялагч, тэргүүн мисс Б.Энхтуулыг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Загварын салбарт хөл тавьсан түүхээсээ хуваалцаач. Энэ талаар яриагаа эхэлье?
-Миний хувьд багаасаа Miss World болон Гоёл наадмыг байнга үзэж, мисс, загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байсан. Учир нь багаасаа их өндөр, туранхай, загварын салбарт хөл тавихыг хүсдэг байсан ч өөртэй итгэх итгэл болон зориггүй байсны улмаас нэлээн олон жил бодсоны эцэст анх 2019 онд загварын сургалтад сурахаар шийдээд Шилмэл загвар агентлагийн анхан шатанд бүртгүүлж байсан.
Тухайн үед МУСТА Х.Энхмаа багшийнхаа удирдлага доор суралцаж, гүнзгий шатаа Queen загварын агентлагт суралцаж анх гэрээт модел болж байсан. Ийнхүү зураг авалт, загварын шоу гээд олон зүйлд өөрийгөө сорьж, суралцсаар 2023 онд Монголын хамгийн томоохон загварын шоунуудын нэг болох “Гоёл” наадамд оролцож байсан. Товчхондоо загварын салбарт орсон нь миний амьдралдаа хийж байсан хамгийн зөв сонголтуудын нэг бөгөөд мөрөөдлөө биелүүлэх гүүр болсонд баяртай байдаг.
-Та загварын тайзнаас ямар мэдрэмж авдаг вэ?
-Загварын тайз бол дизайнерийн бүтээлийг амилуулах газар гэж боддог. Тэгэхээр тэр газар би өөрийгөө харуулахаас илүүтэй тухайн загвар, бүтээлийг үзэгчдэд маш сайнаар үзүүлэх ёстой байдаг. Харин мэдрэмжийн хувьд тайзан дээр гарахын өмнө сандрал, догдлолоос эхлээд олон зүйл бодогддог л доо. Манай ихэнх моделиуд адилхан мэдрэмж авдаг байх гэж бодож байна.

Гэхдээ энэ мэдрэмж тайзан дээр гарсаны дараа арилдаг. Яагаад гэхээр тухайн дизайнерийн бүтээлийг харуулахын тулд үзэгчидтэй хэрхэн харьцах, ямар поз авах, царайны хувирал ямар байх уу, хувцасныхаа аль өнцөгийг сайн харуулах уу, ямар аян дээр алхахаас хамаараад ямар хэмнэлтэй алхах уу гээд олон зүйл дээр төвлөрдөг. Тэгэхээр дийлэнх хүмүүс загвар өмсөгчдийг өөрийгөө харуулахын тулд хувцас өмсөөд зүгээр л алхдаг гэж боддог ч үүний цаана маш их зүйлийг бодож төлөвлөдөг. Харин миссийн тайзан дээр нэг ялгаатай нь улс орноо болон өөрийгөө ямар хүн бэ гэдгийг харуулдаг гэдгээрээ онцлог байдаг.
-Таны бодлоор манай загварын хөгжил хэр түвшинд явж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Монголын хувцас загварын салбар ихээхэн хөгжиж байгаа гэж харж байгаа. Тухайлбал, олон улстай өрсөлдөхүйц түвшний хувцас загварыг дотооддоо үйлдвэрлэж, түүнийгээ дагаад хэрэглэгч, үйчлүүлэгчдийн энэ зах зээлийг сонирхох сонирхол улам нэмэгдэж байна. Ялангуяа, Монголчууд эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэж, худалдан авалт хийж сурч байгаа нь загварын зах зээл дэх том дэвшил юм.

Мөн Монгол дизайнерууд маань ч гаргасан бүтээлээ олон улсад гаргаж, сурталчилж байгаа нь бас томоохон амжилт гэж харж байгаа. Тэгэхээр Монголчуудыгаа ч Монголынхоо хувцас загварын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сурталчилвал дэлхийн томоохон брендүүдтэй өрсөлдөж чадахуйц зах зээлийг бий болгож чадна гэдэгт итгэдэг.
“Miss World Mongolia-2026” фестивалийн үндэсний ялагчаар Б.Энхтуул шалгарсан. Энэ талаар?
-Өнгөрсөн оны 9 сард Дэлхийн миссийн үндэсний ялагч шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын 90 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс шилдэг 11 охидууд финалын шатанд өрсөлдсөн. Миний хувьд энэ тэмцээн анхны миссийн тэмцээн байсан болохоор маш их сандрал, догдлолтой байсан. Гэхдээ маш үзэсгэлэнтэй, мундаг охидуудтай хамт 2 сар гаруйн хугацаанд найзалж, нөхөрлөөд тэмцээндээ оролцсондоо маш их баяртай байна. Гэхдээ мэдээж тэмцээнд оролцож буй хүний хувьд амжилттай оролцохыг хүсэж байсан ч үндэсний ялагч, тэргүүн мисс боллоо гээд тайзан дээр нэрээ дуудуулаад, титэм зүүх мөч бол үгээр хэлэхийн аргагүй, гайхалтай байсан. Учир нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл мисс болох байдаг шүү дээ.

Тэгэхээр тэрхүү мөрөөдөл нэг л өдөр биелэлээ олох үед тухайн мөчид энэ бол зөвхөн миний мөрөөдөл төдийгүй олон олон охидын мөрөөдлийг тээж дэлхийн тайзнаа Монгол гэдэг нэрийг дуудуулж, дэлхийн олон олон миссүүдтэй нэгэн тайзнаа алхана гэдэг бол маш том бахархал, бас хариуцлага гэж харж байгаа.
-Дэлхийн мисс орох загвар өмсөгчид ямар шаардалга хангасан байдаг вэ?
-Дэлхийн мисс тэмцээний хувьд бусад тэмцээнтэй харьцуулахад тодорхой шалгуурыг зааж өгсөн байдаг. Жишээ нь насны хувьд 17-26 настай байх, хүүхэдгүй байх, хүнтэй суугаагүй байх гэх мэт. Энэ нь өөрөө дэлхийн миссээр шалгарсан тохиолдолд бүтэн жилийн турш дэлхийд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүмүүнлэг үйлсийн элч болдогтой холбоотой юм байна лээ.
Харин бусад өндөр болон жин зэрэг хүний гадаад үзэмж байдалд ямар нэгэн шалгуур заадаггүй. Хүмүүс бодохдоо мисс гэхээр заавал өндөр, туранхай байх ёстой гэж боддог ч миссийн тэмцээнд энэхүү шаардлагыг заавал гэж заадаггүй. Харин загвар өмсөгчдийн хувьд ялангуяа эмэгтэй runway model-ийн хувьд 175-аас дээш өндөртэй байх гэсэн шалгуур л заавал тавигддаг бол photo model-д энэхүү шаардлага хамаарахгүй зэрэг янз янз байдаг. Мөн насны хувьд ч хүн бүрт нээлттэй байдаг. Тэгэхээр загвар өмсөгч болохыг хүссэн хүн бүрт тус салбар нээлттэй.

-Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Дан ганц гэлтгүй олон хүнээс үлгэр дуурайлал авдаг. Намайг төрүүлж, өсгөсөн аав, ээж, багш, ажлынхаа хамт олон, мисс, загварын салбарын хүмүүс гээд олон хүнээс үлгэр дуурайлал авдаг. Өөрөөр хэлбэл, хүний амьдрал гэдэг чинь нийгмийн харилцаан дээр тогтдог учраас уулзсан хүн болгоноосоо давуу талыг нь харж тэднээс үлгэр дуурайлал авахыг хичээдэг.
-Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач. Хаана төрж, өссөн вэ?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Миний бага нас ер нь нэгдүгээр хороололд өнгөрч, ерөнхий боловсролоо “Ирээдүй цогцолбор” сургуульд сурч, төгссөн. Багадаа ер нь чимээгүй даруухан байсан ч дотроо их мөрөөдөмтгий, хүсэл тэмүүлэлтэй охин байсан. Жишээ нь, их зүйл хүсэж, мөрөөддөгийнхөө хэрээр тэрийгээ цаасан дээр буулгадаг, тэмдэглэл хөтөлдөг, шүлэг бичдэг, дуулах дуртай гээд олон төрлийн сонирхол, хоббитой байсан. Тэр маань ч одоо эхнээсээ биеллээ олоод явж байгаа.
-Ямар хоббитой вэ?
-Дуу дуулах миний хамгийн дуртай сонирхлуудын нэг. Хэдий мэргэжлийн түвшинд сураагүй ч үүнийг сонирхлоороо хийх дуртай. Мөн загвар өмсөх нь үүний дараа орж байгаа. Яагаад гэхээр миний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах, өөрийн мөрөөдлөө биелүүлсэн мөч бүхэн загвар өмсөж эхэлсэнтэй холбоотой. Тэгэхээр энэ хоёр хоббигоо улам хөгжүүлэхийг илүү хичээдэг. Үүний зэрэгцээ шүлэг, зохиол бичих, ном унших, хөтлөгч хийх, хичээл заах зэрэгт сонирхолтой.Одоогийн байдлаар Дэлхийн мисс тэмцээний авъяасын төрөлд дуугаар өрсөлдөхөөр төлөвлөж байгаа учраас мэргэжлийн багш, продюсерийн хамт бэлтгэлдээ орсон байгаа.

-Магтаал, шүүмжил хоёр хэр их ирж байна?
-Магтаалын хувьд тэмцээнд оролцож байсан үеэс эхлээд өдөр бүр л ирж байгаа. Гэхдээ үүнд хэт бардах ч юм уу, хөөрөх гэхээс илүү эдгээр ирж буй магтаалын дагуу улам хариуцлагыг мэдэрч, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж байгаа.
-Таны амьдралыг юу хөглөдөг вэ?
-Зорилго, мөрөөдөл минь юм болов уу. Нэг зүйл хийгээд дараагийн зүйлээ төлөвлөөд аль хэдийнээ хийгээд эхэлчихсэн байдаг. Ингээд харахаар би зүгээр суух ч юм уу, ямар нэгэн зүйл төлөвлөхгүйгээр амьдарч чаддаггүй юм байна лээ ххэ. Их зүйл хийх тусмаа эрч хүч ордог гэх юм уу.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод Баярсайхан гэж айлын ууган охин болон төрж өссөн. Эцэг эхээсээ хоёулаа, доороо нэг эрэгтэй дүүтэй. Дүү маань одоо СЭЗИС-д эрх зүй, санхүүгийн удирдлагын хос мэргэжлээр суралцдаг. Ер нь бага насандаа дүүтэй болоод насны зөрүү бага болохоор дүүгээ анх төрөхөд их л дургүй байсан гэсэн. Гэхдээ том болоод өсөхийн хэрээр дүү маань их хань болж байгааг мэдэрч байгаа. Хэдий би эгч нь ч гэсэн дээрээ ахтай юм шиг л түшигтэй санагддаг.

-Дэлхийн миссийн бэлтгэл гээд нэлээд завгүй байгаа юм байна. Чөлөөт цаг гарч байна уу. Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Ихэвчлэн шүлэг, зохиолоо бичих юм уу загвар өмсөх дуртай. Мөн дуу дуулах дуртай. Гэхдээ сүүлийн үед мөрөөдлөө биелүүлэхээр тэмцээний бэлтгэл гээд маш завгүй хэмнэлд байгаа учраас эдгээр зүйлс маань түр зогссон байгаа. /Инээв/
-Сошиал орчинд хэр идэвхтэй байдаг вэ?
-Сүүлийн үед ер нь нэлээн идэвхтэй болж байгаа шүү. Өмнө бол нэг их зураг, бичлэг постолдоггүй байсан бол тэмцээний үеэс олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор пост, зураг их оруулж байгаа.

-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Мэдээж хүн бүр харилцан адилгүй шүү дээ. Эрт, орой хэзээ ч гэр бүлтэй болох эсэх нь хувь хүний сонголт, төлөвлөлтийн асуудал байдаг. Харин миний хувьд ойрын жилүүдэд карьерийн хувьд нэлээн олон зүйл төлөвлөсөн учраас гэр бүл төлөвлөлтийн талаар хараахан бодож амжаагүй байгаа. Мэдээж сурч, хөгжихөөс эхлээд хийж үзэх зүйл олон байна. Тэгэхээр тэдгээр зүйлсээ хийгээд өөрийн хувьд бэлэн болсон үедээ гэр бүлийн талаар бодноо. /Инээв/
-Загвар өмсөгч учраас загварын тайзнаа олон төрлийн хувцас өмсдөг байх. Үндэсний хувцсаар хэр гоёдог вэ?
-Үндэсний хувцас бол Монголчууд бидний өв соёл, түүх уламжлалыг агуулсан үр хойчдоо улсынхаа түүх уламжлалыг үлдээх чухал зүйл гэж боддог. Хэдий өдөр тутмын ажил, амьдралын шаардлагаар үндэсний хувцасаа байнга өмсөж чаддаггүй ч үндэсний бахархалт түүхэн өдөр, цагаан сар, үндэсний их баяр наадмын үеэр бол байнга гоёж өмсөх дуртай. Дэлхийн миссийн тэмцээнд очихдоо хүртэл үндэсний дээл хувцасаа дэлхийд сурталчлан таниулахыг хүсэж байгаа.

-Эмэгтэйчүүд хамгийн чухал зүйл гоо сайхан байдаг. Таны хувьд арьс арчилгаадаа хэрхэн анхаардаг вэ?
-Арьс арчилгаа чухал гэдгийг бол нүүрээ будаж эхэлснээс хойш мэдэрсэн. Ялангуяа өөртөө таарсан бүтээгдэхүүнийг олоод тэрийгээ хэрэглэх, эсхүл хүмүүсийн санал болгосон сайн гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх асар ялгаатай юм байна лээ. Өмнө бол хүмүүсийн сайн гэсэн болгоныг хэрэглээд нүүрэнд харшил өгөх, загатнах, эсхүл батга гарах тохиолдол их байсан бол сүүлд өөртөө таарсан насны онцлогтоо тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсон.

Мэдээж мисс, загвар өмсөгчийн хувьд байнга мэргэжлийн хүнд нүүр будалт хийлгэдэг болохоор арьс амрахгүй, ядрах тохиолдол байна. Энэ үед нь маш сайн чийгшүүлэх тос, маск хэрэглэдэг. Мөн будганд хүртэл арьсанд тохирох, тохирохгүй гэж байдаг. Жишээ нь тослог арьстай бол түүндээ тохирсон будаг хэрэглэхгүй бол арьсны асуудал улам нэмэгдэх зэрэг асуудал үүсдэг. Түүнчлэн дааврын гаралтай батга гарах асуудал ч үүсдэг. Энэ үед нь аль болох шахаж, сорви үлдээхгүй байх нь чухал байдаг. Тэгэхээр өөрийн нас, арьсны онцлог, тухайн бүтээгдэхүүнээсээ харшлахгүй тийм бүтээгдэхүүнээ олвол хэдэн ч жил хэрэглэх боломжтой шүү.
-Ойрын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Одоогийн байдлаар ойрын хамгийн чухал зорилго, төлөвлөгөө бол 2026 онд болох Дэлхийн мисс тэмцээний бэлтгэл ажлаа дуусгаад тэмцээндээ амжилттай оролцоод ирэх байгаа бол бусад зорилгын хувьд ажил дээр төлөвлөсөн ажлуудаа хийх, магистрын хөтөлбөрөө амжилттай сурч, төгсөх гээд хийх, төлөвлөсөн зүйл их байгаа. Жишээ нь, тэмцээний бэлтгэл гэхэд авъяас үзүүлбэрээ бэлдэх, хүмүүнлэгийн ажилдаа хандив босгох, ХСҮТ-ийн Хөхний төвийн шинэчлэлийн ажлаа эхлүүлж, төслөө бичих гэх мэт томоохон ажлуудаас эхлээд хийх зүйл их байна.

-Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байгаа хүний хувьд уншигч дэмжигчдэдээ юуг уриалах вэ?
-MNB.mn сайтыг уншиж буй уншигчиддаа тэмцээнийхээ хүмүүнлэгийн ажлын талаар товчхон мэдээлэл хүргэмээр байна.
Миний оролцох Miss World буюу Дэлхийн миссийн тэмцээн нь “Beauty with a Purpose” буюу “Зорилготой гоо үзэсгэлэн” уриан дор нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, бусдад туслах чин хүсэлтэй гоо бүсгүйг шалгаруулдгаараа онцлогтой.
Энэ хүрээнд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, мөн Хавдар судлалын үндэсний төвийн “Хөхний төв”-ийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх зорилготой “Хөхөө хайрлая, хамгаалъя, халамжилъя” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хөхний хорт хавдар нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хавдрын нэг бөгөөд ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож байгаа нь эрт илрүүлгийн ач холбогдлыг улам бүр чухалчилж байгааг харуулж байна. Тиймээс уг төслийн хүрээнд сургалт, мэдээлэл түгээх өдөрлөгүүд зохион байгуулах, эмэгтэйчүүдийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахыг дэмжих, “Хөхний төв”-ийн орчин, тоног төхөөрөмж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн хандивын аяныг өрнүүлж байгаа.
Ярилцсанд танд баярлалаа.





| Б.Энхтуул: Дэлхийн тайзнаа Монгол гэдэг нэрийг дуудуулж, алхана гэдэг маш том бахархал, бас хариуцлага | ||
| Үзсэн: 337 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.