Шууд Chart

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

2026-01-16 17:17:37

Улаанбаатар хот 2026 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласан.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Бизнес инновацын газрын дарга Ж.Төгөлдөр шинэлэг санаа бүхий инновацлаг төслүүдтэй танилцаж, санаачлагч ААН байгууллагуудтай санал солилцож байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж Хотын даргын захирамж гарсан. Энэ хүрээнд НЗДТГ-аас ажлын хэсэг гарч Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй салбар хоорондын уулзалт хийх, тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр хоёр төсөлтэй танилцаж, албан хүсэлтүүдийг хүлээн аваад байна. Иргэн М.Нямбаяр Улаанбаатар хотыг өвлийн цэцэрлэг хүрээлэнтэй болгох төслийг танилцууллаа. Мөн Агаарын тээврийн шинэ дэд бүтцийн төслөө “Онтайм авиэшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа танилцууллаа. Тус төслүүдэд онцгойлон анхаарч ажиллана” гэлээ.

“Өвлийн цэцэрлэгт хүрээлэн” төслийн санаачлагч М.Нямбаяр “Өвлийн цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдийн эрүүл мэнд, нийгмийн харилцааг дэмжих зорилготой жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах  амралт, соёл, спорт, үйлчилгээ хосолсон цогц байгууламж юм. Орчин үеийн шилэн бүтэц, дулаан хадгалалттай жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх 5-6 блок байгуулахаар тооцоолж байна. Жилд 180-240 мянган иргэн хүлээн авах хүчин чадалтай. Төслийг гурван га газарт байгуулахаар төлөвлөөд байна” гэв.

“Улаанбаатар хотын агаарын хөдөлгөөн” төсөл "Онтайм авиэшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа “Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд дээр нэмээд агаарын зорчих хөдөлгөөнийг дэмжих зайлшгүй шаардлага байна. Улаанбаатар хотод агаарын дэд бүтцийг хөгжүүлж чадвал эрүүл мэнд, яаралтай тусламж, онцгой байдал, галын аюулын үед, цагдаа хууль сахиулах, аялал жуулчлал зэрэг олон салбарт ач холбогдолтой дэд бүтцийн систем юм” гэв.


Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй