"Дулааны цахилгаан станц-4"-ийн халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас нийслэл болон ойролцоох зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Эл нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “ДЦС-4”-д гарсан гэмтэлд авах арга хэмжээний талаар хэлэлцсэн.
“ДЦС-4”-д гарсан гэмтэлд авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "2025-2026 оны өвлийн оргил ачаалал төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд 1800 МВт хүрэх байх гэж төлөвлөсөн бол нэгдүгээр сарын 19-нд 1803 МВт хүрсэн.
Төвийн бүсийн нэгдсэн системд 69 зуух залгаатай ажилладаг ч энэ цагийн мөчид 65 зуух ажиллаж байна. Таван зууханд гэмтэл устгах ажиллагаа хийгдэж байгаа. 49 турбо генератороос 43 нь ажиллаж, гуравт нь гэмтэл устгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Харин нийслэлд өчигдрөөс хязгаарлалт хийж эхэлсэн. Нэгдүгээр сарын 20-ны 06:11 цагт "ТЭЦ-IV"-ийн наймдугаар зууханд үлээлт гарч, зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. 500 градустай ажиллаж байсан зуухыг зогсоох 50 градус хүртэл буулгахад 4-5 цаг шаарддаг.
Үүний дараа засвар эхэлсэн бөгөөд өнөө өглөө 09:46 цагт сүлжээнд залгасан. Энэ хооронд 100 МВт-ын цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн. Бүх турбо генератор, зуух нөөц тоноглолгүйгээр ажиллаж байгаа тул аливаа нэгэнд нь гэмтэл үүсэхэд тэр хэмжээгээр хязгаарлалт хийх шаардлага үүсдэг.
Өөр нэг үүсэж буй хүндрэл нь Бөөрөлжүүтийн тэжээгч талд нүүрс 42 хувийн чийгтэй байгаагаас цахилгаан станц руу орох хэсэгт нүүрс хөлдөж байна. Үүнээс шалтгаалж 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц 120 МВт-аар ажилласан.
Дээрх хоёр шалтгааны улмаас өчигдрөөс өнөөдрийг хүртэл 160 МВт-ын хязгаарлалт хийж, 16 багц болгон нэг хэрэглэгчийн хамгийн ихдээ хоёр цагаас илүү хязгаарлахгүйгээр ажилласан. Одоо цагийн дараагаас гайгүй болох байх" гэв.
| Б.Чойжилсүрэн:"ТЭЦ-IV"-ийн наймдугаар зууханд үлээлт гарч, зогсоохоос өөр аргагүйд хүрсэн | ||
| Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.