Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран "Говийн чоно-2026" олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд ОБЕГ-т болж байна.

Ажлын хэсгийн хурлыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Атташегийн орлогч, хошууч Дмитрий Леонтев нар ахалж, сургуулийн агуулга, хөтөлбөрийг бүс нутаг, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдал, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулах юм.

Байгалийн гамшгийн давтамж, эрсдэл нэмэгдэж энэ үед гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой. Энэ хүрээнд зохион байгуулдаг “Говийн чоно” дадлага сургууль нь байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг үр нөлөөтэй зохион байгуулах, чиглүүлэх зорилготой “Номхон далайн орнуудын гамшигт тэсвэртэй байдлын дадлага сургууль, солилцооны хөтөлбөр”-ийн нэг хэсэг юм.

Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэнээрээ онцлог. Гэвч энэ нь цасан шуурга, үер зэрэг аюулт үзэгдэлд өртөх эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг. Тиймээс “Говийн чоно-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| “Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулна | ||
| Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.