Хүүхдийн эрхийг хангах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бодлогынхоо хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхдийг ивээх сантай хамтын ажиллагааны уулзалт хийж, санал солилцлоо.
Хүүхдийг ивээх сан нь боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх гэсэн зургаан үндсэн чиглэлээр нийслэл болон найман аймагт үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү чиглэлийнхээ дагуу боловсролын хүртээмж, үдийн хоол, эцэг, эхчүүдийн боловсролыг дээшлүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг эрт таних, охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс ангид байлгах, амны хөндийн эрүүл мэндийн зэрэг олон цогц төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил болж буй нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.
Чингэлтэй дүүргийн тухайд хүүхдэд хамгааллыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг. Энэ ч утгаараа үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Тодруулбал, дүүргийн бүх ЕБС-ийг усан бассейнтэй болгох ажил эхлээд 23, 37, 39 дүгээр сургуульд барилгын ажил үргэлжилж байна. Мөн дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд шүдний кабинет байгуулан ажиллаж байгаа бол ерөнхий боловсролын хоёр сургуульд ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын амны хөндийн төсөл хэрэгжиж дуусаад улсын хэмжээнд жишиг төсөл болон хэрэгжиж эхлээд байна. Түүнчлэн өсвөр насны охидод бэлгийн боловсрол олгох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургагч багш бэлтгэх сургалт, “Шийтгэл бол шийдэл” биш зэрэг аяныг зохион байгуулсан.
Энэ онд Чингэлтэй дүүрэг сургууль, цэцэрлэгийнхээ камержуулалтыг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг орчмын хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг сайжруулна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудаа ухаалаг самбартай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Мөн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв барихаар төсвийг баталлаа. Ингэснээр хүүхэд залууст чиглэсэн цогц арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх юм.
Цаашдаа дүүргийн хэмжээнд хүүхэд хамгаалал, тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролын хүртээмж рүү чиглэсэн болон амны хөндийн боловсрол олгох төсөл хэрэгжүүлэх боломжтойг хоёр тал харилцан тохиролцлоо.
| Чингэлтэй дүүрэг хүүхдийг ивээх сантай хамтран ажиллана | ||
| Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.