Шууд Chart

Г.Түвшинсанаа: Дүүжин замын тээвэр нь өвлийн нөхцөлд ч найдвартай ажиллах “шалгарсан” тээврийн төрөл юм

2026-01-22 09:45:01

Дүүжин замын тээврийг нийслэлийн Яармагаас Хархорин чиглэлд барьж байгуулах ажил үргэлжилж байна. Чиглэл дагууд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгож, хоёр буудлын барилгын ажил үргэлжилж буй бөгөөд төслийн үндсэн даац хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс, мөн эхний ээлжийн 28 кабин гаалийн хяналтын талбайд буусан. 

Эрчим хүчний доголдол үүсэх, хүндрэл гарах үед тус тээвэр хэрхэн ажиллах талаар төслийн Ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа. 

- Дүүжин замын тээвэр нь цахилгаанаар ажилладаг тул эрчим хүчний тасалдал үүсэхэд зорчигчдыг хэрхэн эрсдэлээс сэргийлэх вэ?

-Төслийн техникийн шийдэлд тусгаснаар үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортой байна. Уг нөөц генератор нь 400кВА хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ нь олон улсын аюулгүй байдлын стандарт, үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Тэрхүү нөөц генератор нь Франц Улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна. 

- Хэдэн хэмд үйлчлэх стандарт байдаг вэ?

-Эрс тэс уур амьсгалтай, ялангуяа -40°с хүртэл тачигнадаг манай улсын хувьд зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй бусад шинэ технологийн хувьд ч томоохон шалгуур болдог. Дүүжин замын тээвэр бол анх Альпийн нурууны мөнх цастай оргилууд, цанаар гулгагчдын орчин буюу байнгын хүйтэн, шуургатай газарт зориулагдан бүтээгдсэн тул өвлийн нөхцөлд хамгийн найдвартай ажиллах "шалгагдсан" тээвэр гэж тооцогддог. Мөн барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт БНбд 23-01-09-д тохируулан Уур амьсгалын II муж Гадна агаарын үнэмлэхүй хамгийн бага температураар тооцоолж төлөвлөсөн.

Хүйтэнд асуудалгүй ажиллахын тулд ган татлагын агшилт суналтад тааруулан автоматаар мэдрэн чангалах үүрэг бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтож, гулсалт үүсэхээс сэргийлэн зогсоол бүрд мөс хусах, цэвэрлэх автомат төхөөрөмжүүд ажилладаг нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Хамгийн чухал нь зорчих кабин нь дулаан, тухтай байх ёстой. Тиймээс бүхээг нь дулаан алдагдал багатай материалаар хийгдэх төдийгүй дотроо суудлын халаалттай байх тул гадаах орчин хэчнээн хүйтэн байсан ч, иргэд дулаан тухтай орчинд зорчих боломжийг бид бүрдүүлнэ. 

-Ашиглалтад орсны дараа хэн хариуцах вэ, хаягдал болохвий гэсэн шүүмжлэл байна?

-Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир түүнийг дагасан эрх зүйн орчин, техникийн шаардлагыг шинээр бүрдүүлж байна. Угсралтын ажил нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын норм, дүрэм болон Олон Улс, ялангуяа Европын холбооны EN стандартын дагуу хийгдэж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох агентлагуудаас Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм баталж, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага” бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Түүнчлэн төсөл хэрэгжсэний дараа, тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдаж, өдөр тутмын хяналтыг хариуцах бүтэц бүрдсэн.

Дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ нь тусгай бие даасан байгууллага байх учир мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэж, аюулгүй ажиллагаа, эрсдэлт нөхцлийг хангасан үйл ажиллагааг тогтмол явуулах үүрэг хүлээнэ. Ингэснээр тус нэгжийн инженер, техникийн ажилтнууд төсөл хэрэгжүүлэгч Францын Пома группийн дэргэдэх Пома академийн олон улсын мэргэшсэн инженер багш нараар дадлагажуулан сургах, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аюулгүй ажиллагааг хангасан нийтийн тээвэр хэвээр байх арчлалтыг тусгайлан хариуцах байгууллага байх учир үүнд эргэлзэх асуудалгүй болов уу.


Г.Түвшинсанаа: Дүүжин замын тээвэр нь өвлийн нөхцөлд ч найдвартай ажиллах “шалгарсан” тээврийн төрөл юм  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй