Шууд Chart

Нийт 1200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь ашиглалтад оруулжээ

2026-01-23 13:21:09

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригадад ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав ажиллах үеэр газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч "Шийрийн ундарга" ХХК-ийн талбай, зоорьтой танилцлаа.

Өмнө нь 200 тоннын багтаамжтай зооринд хураан авсан ургацаа өвөл, хаврын саруудад бүрэн хадгалж, борлуулах боломжгүйн улмаас намар хямд үнээр ногоогоо борлуулж иржээ.

Тиймээс тус компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авч 1200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь барьж ашиглалтад оруулсан байна. Хоёр тасалгаатай шинэ зооринд өвлийн турш үйл ажиллагаа явуулж, зах зээлд тогтмол нийлүүлэлт хийснээр хөдөлмөрийн үр шимээ бүрэн хүртэх боломж бүрдсэн аж. Ногоочдын хөдөлмөрийн үр шимийг үнэ цэнэтэй байлгахад зоорь чухал ач холбогдолтой гэдгийг мэдэрч буйгаа тус компанийн захирал улсын аварга тариаланч У.Эрдэнэсан баяртайгаар хэлж байв.

Сэлэнгэ аймгийн Орхон сум, Шийрийн бригадын ногоочид эрт ургацын төмсөөр нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангадаг онцлогтой.

Түүнчлэн ХХААХҮЯ-ны бодлогоор хэрэгжиж буй ногоочид, тариаланчдад худалдан авсан техникийн үнийн дүнгийн 50 хувийг буцаан олгох хөнгөлөлтөд хамрагдан сүүлийн жилүүдэд шинэ трактор, тоног төхөөрөмж худалдан авч хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллаж байгааг танилцуулав.

Сэлэнгэ аймгийн Орхон сум 27 мянган га эргэлтийн талбайтай. Газар тариалан, хүнсний ногоо тариалагч 40 гаран аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулдаг сум юм. Сумын ИТХ-аас Орхон сум нь Орхон үүлдэрийн хонь, улаан халзан үхэр үржүүлэх бүс нутаг болохоор чиглэл гарган тогтоол баталжээ. Тиймээс цаашид МАА, газар тариалан, төмс хүнсний ногоонд тулгуурлан хөгжихөөр зорилго тавин ажиллаж байгааг сумын удирдлагууд танилцууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  


Нийт 1200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь ашиглалтад оруулжээ  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй