Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон өөрчлөх "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төслийн бүтээн байгуулалт Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд үргэлжилж байна.
Азийн хөгжлийн банк (ADB) болон Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр хэрэгжиж буй тус төсөл нь нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх цогц зорилготой юм. Төслийг хоёр үе шаттайгаар нийт 55 га талбайд хэрэгжүүлж 5000 айлын орон сууцыг барина.
Төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц баригдахаас эхний ээлжийн 4 блок 110 айлын орон сууцны барилгыг 2025 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулж, улсын комисс хүлээлгэн өгсөн. 2-р ээлжийн 226 айлын 6 блок барилгын угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаагаас B13-1 талбайн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 71-81 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол B13-2 талбайн 76 айлын хоёр блок 58 хувийн явцтай байна. Харин үлдсэн 126 айлын орон сууцыг төлөвлөгдсөн дараагийн блок төсөв, санхүүгийн зохицуулалтаас шалтгаалан 2026 оны эхний улиралд хэрэгжүүлэх юм.
Шархад дэд төвийн хувьд 5.4 га талбайд 338 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төлөвлөгөөт графикийн дагуу үргэлжилж байна. Тодруулбал, S27-5 талбайн 110 айлын дөрвөн блок барилга 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол S27-2 талбайн 152 айлын дөрвөн блок 63-77.4 хувь, 76 айлын хоёр блок 50 орчим хувийн явцтай байна.
Төслийн хүрээнд саарал усыг дахин ашиглах системийг нэвтрүүлснээр ахуйн хэрэглээний усыг боловсруулж, ариун цэврийн байгууламжид эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн нь усны нөөцийг хэмнэх бодит шийдэл болжээ. Түүнчлэн ухаалаг дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хослуулснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүргэж байна.
Төсөл бүрэн хэрэгжиж нийт 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор 8000 яндан, 5000 нүхэн жорлонг устгах бөгөөд энэ нь нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.
| Баянхошуу хот орон сууцжуулалт төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 212 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.