Шууд Chart

“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалт хийв

2026-01-24 09:42:12

“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Уг сургалтын нээлт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) -д боллоо. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн Яам Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, Хууль зүй, дотоод хэргийн яам Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ШШГЕГ-ын дарга, хурандаа А.Намсаманд нар оролцов.
Энэ удаагийн сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа байгууллага, салбар нэгжид ажиллаж буй сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бүхий 40 албан хаагч хамрагдаж байна.

Сургалтаар:
  • Донтох эмгэг, архи, мансууруулах бодис хэрэглэхтэй холбоотой эмгэг; 
  • Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, солиорол, амиа хорлох эрсдэл зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудал;
  • Хүүхдэд зонхилон тохиолдох сэтгэцийн асуудал;
  • Нэн шаардлагатай нөхцөл байдалд нотолгоонд суурилсан, практикт чиглэсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх аргачлалын талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх юм.

Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин: Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүртээмж нийт хүн амд хангалтгүй байсаар байна. Улсын хэмжээнд анхан шатанд 2,446,273 үзлэг хийснээс 28,450 нь сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг байна. Иймээс анхан шатанд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтан, сэтгэл зүйчдийг “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж үйлчилгээ”- ний чиглэлээр тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа нь тун ач холбогдолтой хэмээгээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

Тус сургалтаар нийгэмд түгээмэл тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн талаарх анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэцийн эмгэгтэй ял эдэлж байгаа хүнтэй ажиллах мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх юм. Энэ удаагийн сургалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйч, эмч нарын хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь эрх чөлөөг хязгаарлах орчинд буй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэл өндөр байдаг бөгөөд тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээ нь мэргэжлийн ур чадвар, хүний эрхэд суурилсан хандлагыг шаарддаг онцлогтой.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, орон нутгийн 17 аймгийн нийт 750 орчим эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн уг сургалтад хамрагдаад байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, эрт илрүүлэг, цаг алдалгүй тусламж үзүүлэхэд бодит ахиц гарч буйг зохион байгуулагчдын зүгээс онцлов. 

  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалт хийв  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй