Шууд Chart

Б.Урантунгалаг 14 дэхээ түрүүлж, 16 настай М.Уранбилэг үзүүрлэлээ

2026-01-26 11:24:25

Байт харвааны танхимын улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ)-ий рекурв харвааны хамгийн онцлох төрөл эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл байлаа. Энэ жилийн тэмцээний аваргын төлөө Монгол Улсын 12 удаагийн аварга, танхимын УАШТ-ий өнгөрсөн жилийн алтан медальт, ОУХМ Б.Урантунгалаг болон 16 настай шинэ залуу тамирчин М.Уранбилэг нар шалгаран өрсөлдсөнөөрөө онцлогтой байлаа. 

Шигшээ шатанд тамирчид үндсэн 5 ээлжийн харваанд 5:5 харьцаатай тэнцэж, улмаар туршлагатай мастер Б.Урантунгалаг ShootOff буюу товх харваанаас ялжээ. Ийнхүү тэрээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн нийт 79 тамирчны манлай болж, танхимын улсын аварга цолоо хамгааллаа. 

Олимпын наадамд эх орноо төлөөлөн хоёр ч удаа оролцсон амжилттай тэрээр анх 1998 онд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж байсан түүхтэй. Түүнээсээ хойш ийнхүү танхимын болон гадаа талбайн УАШТ-д 14 дэх алтан медалиа хүртэж байна. Мөн эмэгтэйчүүдийн 4 зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж байгаа билээ. 

Мөнгөн медаль хүртсэн “Хангарьд” клубийн харваач М.Уранбилэгийн хувьд 2021 оноос байт харвааны спортоор хичээллэжээ. Улмаар 2022 онд 12 настайдаа бага насны УАШТ-д мөнгөн медаль хүртэж, амжилтын гараагаа эхэлсэн байна. Тэгвэл тэр цагаас 4 жилийн дараа ийнхүү насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальтан болж, тамирчны замналынхаа шинэ хуудсыг нээлээ. 

М.Уранбилэгийн 2026 оны УАШТ-ий харваануудын дүн: 

  • 1/32  - 6:0 Д.Энхмэнд (Ирээдүйн Од)
  • 1/16 - 6:2 Б.Мишээл (Хангарьд)
  • 1/8 - 7:3 Б.Мөнхчимэг (Бод Шонхор)
  • 1/4 - 6:5 З.Хулан (Алдар)
  • Хагас шигшээ - 7:1 Н.Ариунбилэг (Алдар)
  • Шигшээ - 5:6 Б.Урантунгалаг (Алдар)

Эмэгтэйчүүдээс хүрэл медалийг “Котинос” клубийн харваач, спортын мастер Б.Оюун-Эрдэнэ хүртлээ. Тэрээр медалийн төлөөх харваанд “Алдар” спорт хорооны багийн Н.Ариунбилэгийг 7:1 харьцаатай хожсон байна. 

Байт харвааны УАШТ-ийг энэ жилээс эхлэн насны хязгаар заалгүйгээр өсвөр, залуучуудын насны ангиллын тамирчдыг оролцохыг зөвшөөрсөн нь залуу тамирчдад өөрсдийгөө нээн харуулах сайхан боломж болсныг М.Уранбилэгийн амжилт баталлаа. Түүнээс гадна маш олон залуу тамирчид энэ удаагийн тэмцээнд цэц сорьж, улсын шилдэг тамирчидтай өрсөлдсөн бөгөөд туршлага, ур чадвар нь ч тодорхой түвшинд нэмэгдсэн нь дамжиггүй. 

Мөн Орхон аймгийн "Ирээдүйн Одод" клубийн залуу тамирчид багийнхаа нэр шигшээ байж, багийн хоёр төрөлд медалийн тавцанд гарлаа. Д.Оюунханд дасгалжуулагчтай "Ирээдүйн Одод" клубийн эмэгтэйчүүдийн баг нь тэмцээний хамгийн залуу багуудын нэг байсан бөгөөд хагас шигшээд "Алдар" спорт хорооны 1-р багийн шилдэг тамирчдыг 5:4 харьцаатай хожиж аваргын төлөө шалгарч, улмаар 2-р байр эзэлжээ.

Түүнчлэн холимог багийн төрөлд оролцсон баг нь "КВ360", "Мастерс", Котинос" клубийн багуудыг тус бүр 6:2 харьцаатай хожиж шилдэг дөрөвт үлдэж, улмаар хүрэл медалийн төлөө ОУХМ Б.Отгонболд, ОУХМ Н.Ариунбилэг нарын "Алдар" спорт хорооны шилдэг тамирчдыг 4:6 харьцаатай хожиж, УАШТ-ий медалийн эзэд болжээ.

 

Эмэгтэйчүүдийн багийн харвааны дүн (рекурв): 

  1. “Алдар” 2-р баг - Г.Ариунтунгалаг, С.Эмүжин, Б.Энхтунгалаг
  2. “Ирээдүйн одод” клуб - П.Энххүслэн, Б.Номинзул, Д.Энхриймаа
  3.  “Алдар” 1-р баг - Б.Урантунгалаг, Н.Ариунбилэг, З.Хулан

Холимог багийн харвааны дүн (рекурв): 

  1. “Алдар” спорт хороо - ОУХМ Д.Дашнамжил, З.Хулан
  2. “Эрч” клуб - ОУХМ Ц.Цэнгүүн, ОУХМ А.Энхтуяа
  3. “Ирээдүйн Одод” клуб - Ц.Мөнгөн-Эрдэнэ, П.Энххүслэн

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Б.Урантунгалаг 14 дэхээ түрүүлж, 16 настай М.Уранбилэг үзүүрлэлээ  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй