Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа.

“Тансаг хатгамал” ХХК-ийн захирал Б.Наранцацрал “Манай компани 14 жил үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн таван жил үндэсний хувцас үйлдвэрлэж, “Solen” брэндийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэн ажиллаж байгаа. Ихэвчлэн өдөр тутамд өмсөх хантааз, цамцыг монгол загвараар урладаг. Бид “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд гурав дахь жилдээ амжилттай оролцож байна. Үзэсгэлэнгийн талбайн түрээсийг чөлөөлсөн нь бидэнд их дэмжлэг болж, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах боломж бүрдсэн. Энэ жил бид онцлох бүтээгдэхүүнээ 100 хувь даавуун болон япон торгоор, тэлмэн хээтэйгээр урласан. Үйлчлүүлэгчид материалын чанар, хийц, эдэлгээг харж сонголт хийдэг болсон нь үндэсний үйлдвэрлэгч бидний хувьд том амжилт юм. Үзэсгэлэнг нээгээд удаагүй ч борлуулалт сайн байна. Үйлчлүүлж байгаа хүмүүстээ баярлалаа” гэлээ.

“Дорнын эсгий” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Баасансүрэн “Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулдаг “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд дөрөв дэх жилдээ оролцож байна. Манай компани үндэсний уламжлалт ноос зулах аргыг ашиглан уран зураг бүтээдэг. Мөн эсгий малгай, хүүхдийн бойтог, тавчик зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ноолууран зураг нь дахин давтагдашгүй, цор ганц бүтээл тул бэлэг дурсгал болон аялал жуулчлалын сувгаар өгөхөд тохиромжтой. Үйлдвэрлэгчийн гар дээрээс иргэдэд бүтээгдэхүүн шууд очдог нь энэ үзэсгэлэнгийн онцлог. Жилээс жилд иргэд үзэсгэлэнг мэддэг болж, зорьж ирдэг болсон. Энэ хэрээрээ борлуулалт ч сайн байдаг. “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодит дэмжлэг юм” гэв.



| А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна | ||
| Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.