Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте болон холбогдох албаны төлөөлөлтэй 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, нийтийн эрүүл мэндийн уялдаанд суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотын гэр хорооллын орчны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, өрхийн эрчим хүчний хэрэглээг илүү цэвэр, аюулгүй шийдэлд үе шаттайгаар шилжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломж, хэрэгцээний талаар хэлэлцэв.
Б.Батбаатар сайдын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол нь нийтийн эрүүл мэндэд шууд нөлөөлж буй тул энэ чиглэлд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг онцолж, бодит үр дүнд чиглэсэн, орон нутгийн нөхцөлд нийцсэн, өргөтгөх боломжтой шийдлүүдийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Мөн хамтын ажиллагааг Монгол Улсын Алсын хараа-2050, 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын зорилт, санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх асуудал дээр талууд санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь эрүүл мэнд ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаанд суурилсан хамтын ажиллагааг ДЭМБ-тай тогтмол, урт хугацаанд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа | ||
| Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.