Шууд Chart

Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

2026-01-29 17:30:06

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт эхэллээ. Хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолжээ.

Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн зонхилж байгаа төдийгүй хил дамнасан бүс нутагт худалдаа, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа аж. Хонгорын говьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарч буй Баянхонгорчууд ирэх 2029 он гэхэд улсаас татаас авдаггүй аймаг болохоор зорилт тавьснаа УИХ-ын дарга, гишүүд болон сайд нарт танилцууллаа.

УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь бэхжүүлэхэд бодлогоор анхаарахаа илэрхийлсэн. Үүний тулд төсвийн бодлогоор зах зээл дэх төрийн оролцоог бууруулахад анхаарч, энэ оны төсвийн тухай хуульд онцгойлон тусгасан талаар тодотгов. Өөрөөр хэлбэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба нэрлэсэн ДНБ-ий харьцаа 37 хувь байсныг 30 хувь хүртэл бууруулснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүс нутаг дахь бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх орон зайг гаргажээ. УИХ-ын дарга хэлэхдээ, аймаг, сумандаа тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг хуулиас давсан дүрэм, журмаар залхаадаг хүнд суртлын бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн талаараа онцоллоо.

Хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг үйл ажиллагааны төрлөөс нь үл хамааран дэмжих хэрэгтэйг сануулаад, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрхийг бүрэн эдлэх боломжийг бүрдүүлнэ гэв. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас эхлээд Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль зэргээр дамжуулан бугшсан дүрэм, журмыг цэгцэлж, шат дамжлагыг арилгаж, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих алхмууд эхэлсэн талаар онцоллоо. Ямаан сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлж, тэмээний тоо толгойгоор гуравт ордог Баянхорчууд хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд онцгой анхаарч байна.

Баянхонгор аймгийн нийт 20 сумын 105 багт 90 орчим мянган хүн оршин сууж байгаагаас аймгийн төвдөө 38.4 хувь нь аж төрдөг. Тус аймгийн хэмжээнд орон сууцжуулах бодлого хэрэгжүүлсний дүнд өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 1180 иргэнд 101 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь Дархан, Эрдэнэт хотын дараа орох үзүүлэлт аж. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихэсч байгаагаас улбаалан агаарын бохирдол аймгийн нэн тулгамдсан асуудал болсныг Засаг дарга Э.Энхбат тодотгов. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн төвийн нийт дулааны ачаалал 55 орчим мВт хүрч, дулааны хоёрдугаар станцын эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Иймд УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг орон нутагт нэмэгдүүлэх хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих ажлын зураг төслийг эцэслэсэн ч төслийн хэрэгжилтэд анхаарал хандуулах шаардлагатайг уламжиллаа.

УИХ-ын дарга ногоон дэд бүтцийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг орон нутагт нэмэгдүүлэхийн тулд процессыг үе шатыг хялбаршуулж, бүтээн байгуулалтуудын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчимжүүлэхэд анхаарна гэж онцлов. Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэл зонхилдог аймаг, сумдад төсвийн төвлөрүүлсэн орлогын дийлэнх хувийг үлдээдэг байх ёстойг хэллээ. Баянхонгор аймгийн тухайд төрийн албаны залгамж чанарыг чухалчлан, нэгдмэл бодлогоор бүс нутагтаа жишиг болохуйц дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж буйг сайшаалаа.

Тэрбээр төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзах үеэр салбарын эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийг хэрэгжилтийг бүх шатанд хангуулах талаар байр сууриа илэрхийлж, орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжсэн бодлого, шийдвэрийн хүрээнд санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нараас гадна Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар албаны хүмүүсийн хамт оролцлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй