ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас 2009 онд бүртгэгдсэн “Монгол ардын бүжиг Бий биелгээ” өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийг Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургууль 2022-2025 оны хооронд хэрэгжүүлсэн билээ.

Төслийн хүрээнд хээрийн судалгааны ажлыг Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулж, бий биелгээ, ихэлийн татлага, товшуур, шанзны цохилгыг өвлөн уламжилсан 208 хүнтэй уулзаж, бий биелгээний 54 төрлийн 550 хувилбар, ихэлийн татлага, шанз, товшуурын цохилгоны 75 хувилбарыг баримтжуулж, бий биелгээ өвийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг өвлөн уламжлагчдаас тодруулж, ярилцлага хийсний үндсэн дээр, хээрийн судалгааны үр дүнд тулгуурлан “Монгол бий биелгээ” номыг бүтээж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нээлтийг Монгол Улсын Үндэсний Номын санд хийлээ.

Номын нээлтийн арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Соёл, урлагийн их сургуулийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ш.Эрдэнэцэцэг нар үг хэлж, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Соёл судлаач, доктор (Ph.D), дэд профессор С.Юндэнбат, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ц.Цолмон нар “Монгол бий биелгээ” бүтээлийн талаар, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор С.Дулам, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, өвлөн уламжлагч Г.Баяртай нар бий биелгээ, соёлын биет бус өвийн талаар үг хэлэв.
Зохиогчдын зүгээс тус номд Баяд, Дөрвөд, Захчин, Торгууд, Урианхай, Хотон угсаатны бүлгийн түүх, домог, бий биелгээний үүсэл, гарвал, төрөл зүйл, хөдөлгөөн, хөгжмийн онцлог, хөгжмийн тэмдэглэгээ (хөгжмийн нот)-г багтааж, өвлөн уламжлагчийн тайлан тайлбарласнаар угсаатны бүлэг бүрийн бий биелгээ, хөдөлгөөний онцлог, ихэлийн татлага, товшуур, шанзны цохилгыг зан үйл, домогтой нь уялдуулан уламжлалт хэв намбаар нь сурах, судлах боломжийг өгүүлэхийг хичээсэн байна. Тус судалгааны бүтээл нь “Монгол ардын бүжиг Бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, залуу хойч үед өвлүүлэн уламжлуулахад бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Үндэсний номын сан, Сити их сургууль, Цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулга, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын үндэсний олон нийтийн телевиз, ЮНЕСКО-гийн итгэмжит “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ, “Монгол бүжгийн өв сан” ТББ болон өвлөн уламжлагчдын төлөөлөл оролцов.
| “Монгол бий биелгээ” номын нээлт боллоо | ||
| Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.