Монгол Улс COP17-г зохион байгуулагчийн хувьд олон талт хэлэлцээний явцыг үр дүнтэй удирдах, талуудын зөвшилцөлд хүрэх чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна.
Энэ хүрээнд төрийн албан хаагчдын хэлэлцээний ур чадварыг нэмэгдүүлэх сургалт өчигдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-д нээлтээ хийлээ.
COP хэлэлцээр нь нарийн дэг журамтай, улс төрийн өндөр мэдрэмж шаарддаг бөгөөд зөвшилцөлд хүрэхийн тулд мэргэжлийн мэдлэгээс гадна харилцааны ахисан түвшний ур чадвар зайлшгүй хэрэгтэй гэж зохион байгуулагчид онцоллоо. Тиймээс үндэсний хэмжээнд хэлэлцээр хийх ажилтнуудыг бэлтгэх нь Монгол Улсын бэлэн байдлын чухал нэг хэсэг гэж үзэж байна.
Сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Британийн Элчин сайдын яам, Улс төр, дипломат судалгааны төв (CPDS), COP17 Зохион байгуулах ажлын алба хамтран зохион байгуулсан бөгөөд олон салбарын байгууллагын төлөөлөл оролцлоо.
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир “Газрын доройтол, цөлжилт бол зөвхөн нэг яамны асуудал биш. Засгийн газар, бүх байгууллагын хамтын оролцоо шаардлагатай. Тиймээс олон талын төлөөллийг хамруулан хэлэлцээний чадавхыг сайжруулах сургалтыг эхлүүлж байна” гэж дурдав.
Сургалтын зорилго нь COP17-д оролцох төрийн албан хаагчдыг практик хэлэлцээний ур чадвар, стратегийн ойлголт, өөртөө итгэх итгэлээр хангах явдал. Мөн олон улсын шилдэг арга барил, дипломат туршлагад тулгуурлан Монголын хэлэлцээр хийх талуудыг COP17 болон цаашдын үйл ажиллагаанд үр дүнтэй оролцох чадвартай болгохыг зорьж байна.
Тус сургалт хоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжилж байна.

| Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээ | ||
| Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.