НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг бууруулахаар бодлого боловсруулан бодитой үр дүнд хүргэхээр ажиллаж байна. Мөн сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт байна. Эдгээр гэмт хэргийн гаралтыг бууруулахад эмэгтэй төлөөлөгчдийн оролцоо маш чухал. Маргаашийн нийгмийг бүтээх хүүхэд, залуусын төлөө бид нам үл харгалзан хамтарч ажилламаар байна. Тиймээс нийслэл болоод есөн дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн санал санаачилгыг дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Харин НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “Өнөөдрийн уулзалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид анхаарч, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Хүүхэд хамгаалал бол зөвхөн хууль, дүрэм, төлөвлөгөөнд тулгуурлаж хийдэг зүйл биш. Энэ бол хүн бүр үр хүүхдүүддээ хайр халамж, анхаарал ,хариуцлагатай хандах ёстой асуудал юм. Хүүхэд бүр “Намайг сонсдог, хамгаалдаг, хайрладаг хүн байна” гэж мэдэрч байвал бид зорилгодоо хүрнэ” хэмээн онцлов.

Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “365 өдөр анхаарч хайрлая”, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аянуудын үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг хүүхэд хамгаалалтай холбоотой Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төслийг танилцуулав. Мөн хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж буй өнөөгийн нөхцөл байдал, тоон мэдээлэл болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын явцын талаар ЦЕГ-ын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан танилцуулж, мэдээлэл өглөө. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Золтуяа, Д.Ундармаа нар нийслэл, дүүрэг гэлтгүй нэгдэж, нийгмийн асуудалд онцгой анхаарч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй төдийгүй шийдвэр гаргах түвшинд манлайлал үзүүлж ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцоллоо. Харин дүүргийн төлөөлөгч эмэгтэйчүүд санал нэг байгаагаа илэрхийлж, дүүргийн хэмжээнд тодорхой ажлуудад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
| Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 118 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.