Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өсөж, мөнгө угаах гэмт хэрэг буурсан байна.
2025 ОНД – АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ 4 ХУВИАР ӨСЖЭЭ
Прокурорын байгууллага 2025 онд авлига, албан тушаалын 1,811 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 69 буюу 4 хувиар өссөн байна. Нийт хэргийн 66.3 хувь нь нийслэлд, 33.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөрдөн байцаалт явуулсан 494 хэргээс 299 буюу 60.5 хувийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 179, хахууль авах, өгөх 109, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 8, төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулах 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэрэг 4.5 хувиар, мөрдөн байцаалтын шийдвэрлэлт 3.8 хувиар тус тус өссөн байна.
Авлигын гэмт хэргийг шалгах явцад 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөн гүйлгээг хязгаарлаж, 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.

2025 ОНД - МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ 4.7 ХУВИАР БУУРСАН
Прокурорын байгууллага 2025 онд мөнгө угаах 280 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 14 буюу 4.7 хувиар буурсан байна.
Мөрдөн байцаалт явуулсан 111 хэргийн 51.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 27.9 хувьд нь мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Мөнгө угаах гэмт хэргийн 42.1 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 20.7 хувь нь Авлига, 19 хувь нь Эдийн засгийн, 6.4 хувь нь Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.
Энэ төрлийн хэргийн 63.9 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 1.3 хувиар өсжээ.
Мөнгө угаах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг хураах зорилгоор 14.1 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөн гүйлгээг хязгаарлаж, 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн.
2025 ОНД – МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ 21.6 ХУВИАР ӨСЖЭЭ
Прокурорын байгууллагаас 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 551 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 21.6 хувиар өссөн.
Прокурор 2025 онд мөрдөн байцаалт явуулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 303 хэрэгт 417 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас 3.1 хувь нь 14–18, 38 хувь нь 18–25, 40.7 хувь нь 25–35, 18.4 хувь нь 35-аас дээш насны иргэд байна. Хүйсийн хувьд 82.2 хувь нь эрэгтэй, 17.8 хувь нь эмэгтэй, 62.8 нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.
Мөрдөн байцаалт явуулсан хэргээс 209 хүнд холбогдох 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оноос 21.2 хувиар өсжээ.

| Өнгөрсөн 2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21.6 хувиар өсжээ | ||
| Үзсэн: 246 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.