Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдал, эрх зүйн баталгааг хангах асуудал юм.
Сүүлийн жилүүдэд нийгэмд хор уршиг ихтэй, онц ноцтой, зохион байгуулалттай, авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэх явцад тухайн хэрэгт холбогдолтой гэрч, хохирогч, мөн уг хэргийг хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэх үүрэг бүхий мөрдөгч, прокурор, шүүгч дарамт шахалт, заналхийлэлд өртөх тохиолдол нэмэгдсэн. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн, тасралтгүй, үр нөлөөтэй явагдах нөхцөлийг алдагдуулах, улмаар төрийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлийг дагуулж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас гэмт хэргийн талаарх мэдээллийг бодитоор мэдүүлэхээс татгалзах, урьд өгсөн мэдүүлгээсээ буцах, нотлох баримт гаргуулах ажиллагаанд хамтран ажиллахаас зайлсхийх зэрэг сөрөг үр дагавар үүсэж, хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх боломж хязгаарлагдан, нийгмийн шударга ёс алдагдах, иргэдийн төрд итгэх итгэл буурах сөрөг нөхцөл байдал бий болж байна.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явах нөхцөлийг бүрдүүлэх, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр тус яаманд зохион байгуулагдлаа. Хуулийн төслийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг хамгаалах хараат бус, бие даасан тогтолцоог бүрдүүлэх, хамгаалах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, хамгаалалтын арга хэмжээ авах нөхцөл, хэлбэр, хэрэгжилтийг нарийвчлан зохицуулахыг зорьсныг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан онцлог зохицуулалтуудаас дурдвал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хамгаалалтад авагдаж буй 6 субъектийн хүрээг 16 субъект болгон өргөтгөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд, дагнасан чиг үүрэг бүхий бие даасан байгууллага хариуцсан хэрэгжүүлэхээр тусгасан нь чухал шинэчлэл болж байна. Тухайлбал, хуулийн төсөлд хамгаалалтын 9 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл, журам, хугацааг тодорхой болгосон байна. Түүнчлэн гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь нууцлалын өндөр зэрэглэлд явагддаг тул уг мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар заажээ.
Энэхүү хууль батлагдсанаар иргэд тухайн хэргийг шалгаж буй мөрдөгч, прокуророос хараат бус байдлаар, бие даасан байгууллагад шууд хандаж хамгаалалт хүсэх боломж бүрдэхийн зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үнэн зөв явагдах, нийгэмд шударга ёс тогтоход бодитой үр нөлөө үзүүлэх юм.
Үүний үр дүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх бодитойгоор хангагдаж, гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо бүрдэн, улмаар гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, үр нөлөө сайжирч, иргэд хууль бус үйлдлийг айдасгүйгээр мэдээлэх, нотлох баримт бүрдүүлэхэд идэвхтэй оролцох нөхцөл бүрдэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
| Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан тогтолцоог бүрдүүлж, хамгаалалт авах субьектийн тоог нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.