Шууд Chart

Хот байгуулалтын асуудлаар санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2026-02-06 17:24:58

Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хот байгуулалтын асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, П.Ганзориг, Х.Ганхуяг, Д.Пүрэвдаваа, Д.Энхтуяа болон Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт, ялангуяа шинээр баригдаж буй хотхон, хорооллын төлөвлөлтөд сургууль, цэцэрлэгийг заавал тусгах заалтын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Мөн энэ үеэр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, Монголбанкнаас хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Ажлын хэсгийн гишүүд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үүсэж буй хүндрэлүүдийг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газраас тодорхой санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барих, мөн Хот байгуулалтын хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шинээр баригдаж буй хотхон, хорооллуудад сургууль, цэцэрлэгийг төлөвлөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов. Үүнтэй холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудад ажлын хэсгийг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Хуралдааны төгсгөлд Монголбанк ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөртэй холбоотойгоор байгуулахаар төлөвлөж буй орон сууцны төрөлжсөн банкны хуулийн төслийн талаар дараагийн хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн танилцуулахаар болов. Мөн орон сууцны зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсанаас үүдэн үнийн өсөлт эрчимжиж буй асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.


Хот байгуулалтын асуудлаар санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй