Баянзүрх дүүргийн Бурханы шашны төв Дэчинравжайлин хийдийн дэд хамба, будын гүн ухааны гэвш, эм зурхай судлаач С.Мөнхбаярыг Редакцын зочин буландаа ярьж ярилцлаа.
- XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн өнгийн талаар яриагаа эхэлье?
-Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жил гарах гэж байна. Гал морин жилийн ерөнхий өнгө нь энэ жил зуд турхангүй, ган гачиггүй, хүн амьтанд өвчин зовлонгүй өлзийтэй сайхан жил гарна. Төрийн хууль цааз хүч орно. Шороон үхрийн шинжээр бол жилийн эхээр болон дундуур хур чухаг ч өвс ногоо цагтаа ургана. Жилийн сүүлээр хур тунадастай. Энэ жил залууст амгалантай, нялхаст ширүүвтэр, өвгөдөд харшлах шалтгаантай жил болно. Жишээлбэл, Нялхас, залуус, өвгөд гэдэг ангилал нь гурван төрөлхийтэн буюу ном ойлгож хүлээж авах оюун ухааны түвшингээр ангилсан далд утга байдаг учир зөв талаас нь хүлээж аваарай.
-Энэ жил ямар жил хүмүүс онцгой засал хийлгэх бэ. Мөн жил орж байгаа хүмүүс ямар засал хийлгэх ёстой бэ?
-Жил орох, мэнгэ голлох, их, бага харш жил тохиох, суудлын гүмиг, насны гүмиг, цагаан жил буюу логар, ясан махбодын ширүүн, суудал өнцөгдөх зэрэг гараг эрхсийн хэмнэлийн давхцал тохиож байгаа хүмүүс болон бусад бүх хүмүүс жилийн заслаа хийлгэвээс өлзийтэй сайн.
Засал гэдэг нь хүн анх эхээс төрөөд анхны амьсгалаа авах үед гараг эрхсийн хөдөлгөөн байршил нэг хэмнэлд байж байгаад хувьсаж өөрчлөгддөг учир гадаад талдаа гараг эрхсийн сөрөг нөлөөлөл хүний бие махбодод хэрхэн нөлөөлж байгаагийн сөрөг нөлөөллийг засах. Дотоод талдаа тухайн хүний жилийн заслыг хийхдээ хамаг амьтны тусыг бодон бурханы сургаал номтой уялдуулж, уншлага ном, дом заслынх нь дагуу сэтгэлд нь хүртэл хийж өгөх хэрэгтэй. Сэтгэл нь засрахаар хэлж байгаа үг, үйлдэл нь засарч сэтгэл ухамсрын зөв төлөвд шилждэг учир үр дагавар нь сайн гарна.
Энэ жил морь жилтэй бүх хүмүүсийн өөрийн тотгор буюу жил орох хэмнэл тохиож байгаа учир жилийн засал номоо сайтар хичээнгүйлэн хийлгэх ёстой. Жишээлбэл, 13, 73 настны хувьд бие мах бодь хямарч болзошгүй хүү жил гарч байгаа тул Нанжад, Банзрагч, Загджүсүм, Бумчин, Манал, Цагаандарь эх хуруулж Лхам сахиус тахиулвал сайн. Жишээлбэл, 73-ны жил орж байгаа хүмүүс мэнгэ голлож байгаа тул Жанаггагдог уншуулж мэнгэний засал нэмж хийлгэнэ. 25,85 настны хувьд жаргал зовлон ээлжлэх нөхөр жил гарч буй тул Доржнамжомын жавтүй, Цэнд, Жанаггагдог, Жамбалцанжад уншуулж засуулваас өлзийтэй.
37 настны хувьд өвдөх хийгээд гарз гарах дайсан мах бодтой жил гарч мэнгэ голлох хэмнэл давхацсан учир Улаан юм, Жанаггагдог, Ганжуур, Цэнд, Лүмбүмгарав, Нанжад, Ямбийдончир уншуулж хишиг даллага авахуулбал сайн. Мэнгэний заслаа улирал тутамд хийлгэх хэрэгтэй.
49 настны хувьд хийморь доройтох эх жил гарч буй тул Нити, Жанцанзэмойбүнжан, Манал, Цэгмидийн чого, Жанаггагдог, Пунцаггүсүм уншуулж хийморийн дарцаг хийсгэвээс өлзийтэй.
61 настны хувьд шулмын хөнөөл буюу гадаад шалтгаанд өртөж мэдэх өөрийн жил гарч буй учир Жанаггагдог, Дашзэвэг, Их манал, Цэгмидийн чого, Цагаандарьэх, Гурвангүрэм уншуулж Ширнэн олон тоогоор хуруулваас өлзийтэй.
97 настны хувьд өвдөх хийгээд гарз гарах дайсан махбодтой жил гарч буй тул Улаан юм, Жанаггагдог, Их манал, Цэнд, Ганжуур, Гурвангүрэм, Нанжад айлдуулж засваас өлзийтэй сайн болой.
-Мэнгэ голлох заслыг заавал хийлгэх ёстой юу?
-Энэ нь төрсөн жилийн мэнгэ эрхшээсэн мэнгэ хоёрын давхцалыг дэвсгэрийн тотгор буюу мэнгэ голлох гэдэг. Энэ жил 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 настнуудын нэг цагаан мэнгэ голлож байна. Мэнгэ голлох нь хийморь сүлд доройтож, ажил үйлс бүтэлгүйтэх сөрөг нөлөөтэй учир мэнгэний заслыг заавал хийлгэх хэрэгтэй.

-Тэгэхээр энэ гүймгийн заслаа бас хийлгэх ёстой юу?
-Насны гүймэг нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90, 99 насанд тохиох нь есийн тооны давтамжтай байдаг бол суудлын гүймэг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн ус суудалд сууж байгааг хэлдэг. Гүймгийн заслыг хийхдээ засал ном уншуулахаас гадна зэсээр хийсэн есөн нүхтэй жижиг зүйлийг нүх бүрд нь тарни тоолоод домнож зүүлгэдэг ёс бас байдаг. Гүмгийн заслыг хийлгэвэл ажил үйлс бүтэмжтэй болох тул хийлгэвээс сайн.
-Ясан махбодын ширүүн болон ивээл жилийн засал хийлгэх ёстой юу?
-Ясан махбодын есөн нүдний ширүүн гэдэг нь энэ жил 9, 21, 33, 45, 57, 69, 81, 93 настай нохой жилтнүүд тохиож байгаа тул Нашидүрсүм, Намхайнянбуу, Сундуй ншуулж засуулваас өлзийтэй сайн. Ивээл жилийн харш гэдэг нь гал морь жилд бар, нохой жилтнүүдэд тохиож байна. Ивээл жилийн харш жил хийморь доройтдог учир ажил үйл бүтээхээр аян замд гарахдаа хийморь сэргээх ном засал хийлгэвээс сайн.
-33 насны мөчлөг домыг их хийдэг болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-33 насны мөчлөг нь гэдэг нь эхийн хий буюу эхийн хэвлийд бойжоод төрөх агшин, суудлын болон насны тооны есөн нүдний ширүүн, ясан махбодын есөн нүдний ширүүн зэрэг гараг эрхсийн давхацсан хэмнэл нэг жилд тохиохыг хэлнэ. Хүн 33 наснаасаа эхлэн амьдралын ухаан сууж цаашид хэрхэн амьдрах тухайгаа эргэцүүэн бодож тодорхой нэгэн зорилгодоо хүрэхээр түүхэн шийдвэр гаргадаг чухал мөчлөг учраас барцад саад гарахаас урьдчилан сэргийлж ном засал болон дом хийлгэж ерөөл тавьдаг учиртай.
Гал морь жилд 1994 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хойш төрсөн нохой жилтэй эрэгтэй эмэгтэй хүмүүст тохиож байна. Монголчууд эрт үеэс эхлэн 33 насны мөчлөгт ихээхэн ач холбогдол өгч янз бүрийн засал дом хийж ирсэн уламжлалтай. Жишээ нь ээжтэйгээ аман хүзүү хувааж идэж, өлгийдүүлдэг гэдэг ч юмуу газар газрын олон дом засал байдаг бололтой. Эдгээр домууд нь бурханы номын утгатай төдий л нийцдэггүй учир лам хуврагууд бид бурханы номонд заасан болон багш дээдсээсээ уламжлан өвөлж авсан номынхоо дагуу л засал хийхийг эрхэмлэдэг.
Энэ нь нэг дүгээрт: Махбодын зурхайн шүнд заасан Жанаггагдог, Нанжад, Дашзэвэг, Дашдондов, Сундуй, Нашидүрсүм, Чойжолын дүгжүү зэрэг ном заслуудыг улирал тутамд хийлгэвээс өлзийтэй.
Хоёрдугаарт: Дом заслын хувьд өөрийн төрсөн ээжээсээ ерөөл адислал хүртэх дом байж болох юм. Үүнийг хийхдээ ээждээ цагаан хадаг, сүү зэрэг бэлэг сэлтийг барин “Ээжээ энэ жил хүү, охиных нь 33 насны мөчлөг орж байгаа тул би бээр энэ жилдээ ээж, аавынхаа сэтгэл санааг зовоох бусдад гэм хор болох буруу бүхнийг огоот тэвчиж, бусдад тус дэм болох буянтай сайнийг эрхэмлэн ёс суртахууныг ягштал сахихын тулд хичээнээ” хэмээн бэлгээ өргөхөд ээж нь буцаагаад ерөөл билгээ хайрлах нь хүн өөрөө өөрийг аварна хэмээн бурхан багшийн айлдсан сургаалтай нийцэхүйц сайн дом болох бололтой. Эцэг эхийнхээ ачийг санан дурьдаж сэтгэл санааг нь хямраахгүй байх нь хүүхдүүдийнх нь зүгээс ээж аавдаа барьж байгаа хамгийн том бэлэг юм. Ерөөл адислал хүртэх нь бурхан багшийн үед ч байсан бололтой юм.

-13-ны жил орж байгаа хүүхдэд бас дом хийдэг болсон байна. Энэ домын талаар?
-13-ны жил орж байгаа хүүхдэд ханийн тэнгэр дуудуулна гээд маш их хүмүүс ирдэг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Олон нийтийн сүлжээгээр 13-н настай хүүхдийн жилийн засал хийж ханийн даллага авч өгнө хэмээх зар мэдээ маш их явах юм. Энэ нь тэгээд ном шүнтэй хэрхэн уялдаж байгааг мэдэхгүй юмаа. Ном ухаараагүй хүмүүсээр хамаагүй дом засал хийлгэж байж хүүхдийнхээ хувь заяанд сэв суулгах бий дээ гэж санаа зовдог л юм.
Бурханы ном бол хүний сэтгэлийг засаж оюун билгийг хөгжүүлэн буян хураах арга замыг чухалчилдаг учир хүүхдүүдэд зөв амьдрах арга ухаан болох арван хар нүгэл, арван цагаан буяны талаар ном ёсны дагуу зааж чиглүүлвэл алс хэтдээ өөрөө өөрийгөө аваад явчихна л гэж боддог.
Хүүхдүүд 13-ны жил орох үеэсээ насаараа хоолоо олж идэх ажил мэргэжлийнхээ талаар бодож эхэлдэг нас учир эхлээд эрдэм ном, хичээл сурлагадаа анхаарлаа сайтар хандуулан хичээх хэрэгтэй. Тэр насаараа ханилах ханиа сонгох бол дараагийн асуудал юм.
Харин ээж аав нь хүүхдүүддээ Монгол дээл хувцас хийж өгч өмсүүлээд ерөөл мялаалга өргөж домнож байгаа нь бидний өв соёл, уламжлалтай яг нийцэж байгаа тул сайшаан дэмжиж байгаа. Ер нь бол бага насны хүүхдүүдэд жил улирал тутамдаа боломжтой бол Дарь-Эхийн мандал шива хуруулаад Дарь-Эхийн даллага авахуулж байх юм бол ирээдүйн үйлс буян нь дэлгэрдэг гэдэг.
-Жилийн заслаас гадна харш жилийн засал бас хийлгэх үү?
-Гал морь жилд хулгана жилтэй хүмүүсийн их харш жил, туулай, тахиа жилтэй хүмүүсийн бага харш жил тохиож байгаа тул эрүүл мэнд, ажил үйлсэд сөрөг нөлөө гарах магадлалтай тул ном шүнд заасны дагуу Дүнсэр болон Шишэд, Дашилын заслаа хийлгэвээс өлзийтэй сайн.
-Жилийн заслыг цагаан сарын дараа хийлгэх ёстой юу. Эсвэл өмнө хийлгэх ёстой гэдэг.Ер нь засал номыг хэдийд хийлгэх ёстой бэ?
Жилийн заслыг эрэгтэй хүн угтаж эмэгтэй хүн дагаж хийлгэвээс сайн гэж бол ном шүнд байдаг. Гэсэн ч цагаан сарын дараа шинийн арван таван болон хаврын сардаа ихэвчлэн хийлгэдэг. Цагаан сар бол Монголчуудын хувьд маш чухал ач холбогдолтой ерөөлийн баяр юм. Учир нь Их эзэн Чингис хаан хаврын эхэн барс сарыг жилийн эх хэмээн үзэж цагаан сарыг тэмдэглэж эхэлснээс гадна бурхан багш бээр тэрсүүтний номын их багш нарт үнэнийг ухааруулан номоороо ялан дийлж бурханы шашинд оруулсан Чомпүрүлийн их ерөөл хурдаг арван тав хоногийн дүйчин өдөр, сарны аривдлагыг дагаад хишиг даллагаа авахуулж, буян хишиг дуудуулж, өглөг буян өгч, өргөл хүндлэлийг эрхэмлэдэг жинхэнэ ёс суртахууны түвшинд ариун чанартай явагддаг баяр юм.
-Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн эхлээд зүг мөрөө гардаг. Энэ зан үйлийг заавал хийх ёстой юм уу?
-Цагаан сарын шинийн 1-ний өглөө зүг мөр гаргадаг зан үйл нь монголд бурханы шашин орж ирэн бидний амьдралд нутагшснаас хойш бий болсон зан үйл юм. Энэ нь тухайн жилдээ сууж байгаа суудлынхаа цог хийморийн зүг рүү гараад буян хишгийн зүгээс ирдэг нь тухайн хүндээ маш их эрч хүч өгч, урам зориг хайралан хийморь сүлдийг нь сэргээдэг байх ёстой зан үйлийн нэг л гэж боддог.
Энэ нь энэ жилдээ өөрийн муу зүгтээ дом засал хийж тарни уншлага уншдаг учир цээр арилгах засал болдог. Хуучны хүмүүс зүг мөрөө гаргахдаа өглөө эртлэн босож гоё дээл хувцасаа өмсөж, морио эмээлээд мордож зүгээ гаргадаг байсан сайхан уламжлал бий шүү дээ. Зүгийг ихэвчлэн гэрийн өрхийн тэргүүн болон эрэгтэй хүүхдүүд гаргадаг гэдэг ч одоо үед боломжтой бүх хүмүүс гаргаж болно.
-Шинийг 2-ны өдөр айл хэсэж, золгуул хийдэггүй гэдэг. Энэ ямар учиртай бэ?
-Шинийн нэгнээс арван тавны хооронд ерөөл билигээ арвижуулж, буянаа тэтгэдэг өлзийтэй сайхан өдрүүд тохиодог учир тийм зүйл байхгүй байхаа. Харин ч шинийн хоёронд Балжиннямтай цогийн наран гийсэн өлзийтэй сайн өдөр байдаг учир эл өдөр уул овоондоо гарч, Өндөр гэгээнийхээ айлдаж өгсөн Дашчарвэв сангаа тавьж хийморио сэргээх зан үйл хийдэг гэж сонсож байсан. Золголт хийж болно.
| С.Мөнхбаяр: Жилийн заслыг эрэгтэй хүн угтаж, хийлгэдэг бол эмэгтэй хүн дагаж хийлгэдэг | ||
| Үзсэн: 358 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.