Шууд Chart

Хархорум хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-02-11 12:31:55

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд шинэ Хархорум хотыг байгуулах шийдвэрийг УИХ-аар баталсан.

Тус хот нь 189 мянга га эдэлбэр газарт төлөвлөгдөж, 500 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийсэн байна. 

Хотын бүтээн байгуулалтын эхэнд суурь дэд бүтцийн ажлуудыг чухалчилж, судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэж буй аж. Энэ хүрээнд тус хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих зорилгоор “Хархорум хотын Захирагчийн ажлын алба”, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ хооронд хамтын ажиллагааны санамж байгууллаа. Санамж бичигт НТУГ-ын Захирал Э.Түвшинжаргал, Хархорум хотын захирагч Л.Халтар нар өнөөдөр /2026.02.11/ гарын үсэг зурав. 

Энэ үеэр Хархорум хотын захирагч Л.Халтар “Хархорум хот нь нэг салбарын бус, улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох олон салбарын цогц төсөл юм. Иймд хот төлөвлөлт, дэд бүтэц, тээвэр, эрчим хүчний салбарын ажлуудыг анхнаас нь нэг удирдлага дор, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх шаардлагатай. Ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэгч тодорхой болмогц өмнөх хотуудын алдааг давтахгүй, нэгдсэн зохион байгуулалттай ажиллахыг зорьж байна. Юуны түрүүнд суурь дэд бүтцийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төсөл нь Хархорум хотын тээвэр, дэд бүтцийн төслүүдтэй уялдаж байна. Тиймээс энэ чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байна” хэмээв. 

Мөн Хархорум хотыг Улаанбаатар хоттой төмөр замаар холбохоор төлөвлөж байгаа бөгөөд уг төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг 2026 оны гуравдугаар сард багтаан дуусгахаар ажиллаж буйг танилцуулсан юм.

Шинэ хотын зам, тээврийн сүлжээг уламжлалт нэг түвшний шийдлээр бус, хүн амын өсөлт, газар ашиглалтын оновчтой зохион байгуулалт, урт хугацааны хөгжлийн чиг хандлагад нийцсэн олон түвшний, интеграцчилсан дэд бүтцийн шийдлээр төлөвлөх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Хархорум хотыг эхнээс нь цогц системийн зарчмаар төлөвлөж, дэд бүтэц, тээвэр, инженерийн шугам сүлжээг харилцан уялдаатайгаар хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал онцоллоо. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргасны дагуу Улсын Их Хурал 2023 оны долоодугаар сард Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах шийдвэрийг баталсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулган 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эцэслэн баталсан билээ.


Хархорум хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй