Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүллээ.
Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтын орох чиглэлд Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий гурван иргэн нь гадаадын иргэний мэдээллийн санд бүртгэлгүй, хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан нь тогтоогдсон. Тухайн иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад 5 жилийн хугацаанд оруулахгүй байх хориг тогтоож, уригч аж ахуйн нэгж, байгууллагыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгогдсон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож байсан.
Дээр дурдсанчлан хууль бус үйлдэл удаа дараа давтагдвал Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэдэд цахимаар виз олгох зохицуулалтыг дахин авч үзэх, шаардлагатай тохиолдолд визийг уламжлалт байдлаар биечлэн мэдүүлэх хэлбэрт шилжүүлэх болно.
Мөн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Бангладеш Улсын 300 орчим иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
| Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ | ||
| Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.