Шууд Chart

Польшийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжиж байна

2026-02-11 15:56:00

Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска орон нутагт ажиллалаа. 

Польшийн Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын ажилтай танилцахаар Архангай, Өвөрхангай аймагт 2 сарын 7-9-ний өдрүүдэд ажиллалаа. Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Тэрээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Польшийн Краков хотын Ян Павелын нэрэмжит эмнэлэг болон Людвик Рыдыгерын нэрэмжит эмнэлэгт саяхан туршлага судлах дадлага хийгээд ирсэн эмч нартай уулзаж, санал солилцсон юм. Архангай аймагт зүрх судасны өвчлөл зонхилж, зүрхний шигдээс, тархины харвалтын шалтгаантай нас баралтууд өндөр байгаа тул зүрх судасны мэс заслаар Европдоо тэргүүлэх эмнэлгийн тоонд ордог Ян Павелын эмнэлэгт аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны, унтуулгын болон мэс заслын нийт зургаан эмчийг сургаж, дадлагажуулжээ. Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консул Ц.Уртнасангийн санаачилгаар БНПУ-ын Малопольске муж болон Архангай аймаг хооронд өрнөж буй хамтын ажиллагааны хүрээнд эдгээр эмч нарыг дадлагажуулах сургалтад хамруулжээ.

Өвөрхангай аймгийн хувьд нярай, хэт нярайн эндэгдэл улсын дунджаас өндөр, нярайн эмчийн хүрэлцээ хангалтгүй байгааг аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар онцолж байлаа. Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар болон Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудтай уулзах үеэрээ алслагдсан бүс нутгийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд дэмжлэг үзүүлж, Европын дэвшилтэт эмчилгээний арга барилыг орон нутагт нутагшуулах, ялангуяа эх, хүүхдийн эмч нарыг Польшид сургаж, чадавхижуулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа танилцууллаа.

Монголын эрүүл мэндийн салбарыг дэмжих хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь “Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-ийн Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Уг төслөөр Польшийн машин тоног төхөөрөмжийн "Столарчик" компанийн 33 түргэн тусламжийн машиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн нь одоо ч хөдөөгийн иргэдэд яаралтай тусламжийг үзүүлсээр байна.

Нийтэлсэн: Voice of Mongolia

Польшийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжиж байна  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй