Шууд Chart

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2026-02-12 08:05:53

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны хосрдугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний төв сүм бүхий “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд босгосон монгол эрсийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Москва хотын Одинцово дүүрэг, Минскийн хурдны замын 55 км-т 5500 га талбайд цогцолсон цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот Улсын холбоотон байсан ард түмнүүдийн хүндэтгэлийн уран барималт цогцолборыг бүтээсэн байна. Ингэхдээ тухайн ард түмний бодит хүмүүс, түүхэн үйл явдалд тулгуурлан урлажээ.

“Монгол цэргүүд” хэмээх хөшөөнд Ховд аймгийн Манхан сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гурван удаагийн Сүхбаатарын одонт Лувсангийн 18 настай байх үеийн цэл залуу дүр төрхийг мөнхөлжээ. Тэрбээр 1942 онд 1200 гаруй тэмээ бүхий жингийн цувааг ахлан, фронтод хүргэх бэлгийн ачааг Манхан сумаас Алтайн хязгаарын Бийск хотноо хүргэж өгчээ. Олон хоног, сар хүнд хэцүү замыг туулан асар урт тэмээн жингийн цувааг хөтөлж, монголчуудын чин сэтгэлийн тусламжийг Оросын ард түмэнд авчирсан энэ гайхалтай намтар түүхтэй хүн хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад, монгол хүний бодит дүрээр бүтээгдсэн хөшөө ОХУ-д цор ганц гэдгийг онцлов.

Хөшөөнд цэцэг өргөхөд Лувсан баатрын ач хүү Х.Дэлгэр оролцов. Тэрбээр монголчуудын бэлгийг Зөвлөлтийн ард түмэнд хүргэж, бага залуугийн дүр төрхөөрөө Москва хотноо мөнхрөн үлдсэн өвөөгөөрөө бахархаж байна гээд, өөрсдийн идэх хоол, өмсөх зүүхээс хагаслан байж дулаан хувцас, хоол хүнс цуглуулан цуваа цуваагаар бэлэглэж байсан Монголын ард түмний тус дэмийг Оросын ард түмэн өнөөдрийг хүртэл талархан хүндэтгэсээр байгаад баяртай байна гэлээ.

Хөшөөг уран барималч А.Д.Чебаненко бүтээж, 2022 онд цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй