Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2026-02-12 16:38:20

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний яриа хэлэлцээний ээлжит уулзалт амжилттай болсонд баяр хүргэж, уг механизм нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, цаашид харилцааны идэвхтэй чиг хандлагаа хадгалж, төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон хоёр улсын ард иргэдэд бодит ашиг тусаа өгөх төсөл, хөтөлбөрүүдийг тууштай урагшлуулахын төлөө байгааг илэрхийлэв.

Тэрээр Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмаар бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстойг тэмдэглэв.

Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Гадаад хэргийн сайд Ван И-гийн мэндчилгээг уламжлав. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөрш бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхжиж байгаад баяртай байгааг илэрхийлж, Стратегийн яриа хэлэлцээний хүрээнд санал солилцсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө монголын талтай нягт хамтран ажиллахаа мэдэгдэв.

Мөн тэрээр Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлого явуулж, удахгүй батлагдах БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө “Бүс ба Зам” санаачилгын дагуух улс орнуудтай өндөр чанартай хөгжлийг хамтдаа бий болгох зорилтыг тусгаж байгаа нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү их боломж бүрдүүлнэ хэмээн онцлов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй