Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

2026-02-18 11:05:28

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Эзэн Богд Чингис хааны шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээж, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр “Чингис хаан” үндэсний музейд байх өргөөнд нь залсан.

Шүтээн нь Эзэн Богд Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл юм.

“Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардас, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл.

Энэ нь Эзэн Богдын үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр улс үүрд оршихыг  бэлгэджээ. Хааны баруун гар талд монгол түмний энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Их цагаан тугийг байрлуулсан юм.

Энэ жилээс эхлэн төрийн гурван өндөрлөг жил бүрийн Цагаан сарын  шинийн нэгэнд Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал ийнхүү тогтож байна.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа. Энэ үеэр Үлгэр жишээ үлээвэр хөгжимд Төрийн дуулал эгшиглэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй