Шууд Chart

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

2026-02-26 10:01:33

Нийслэлийн 16 мега төслийн нэг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна.

Уг төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах юм.

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Төвийн Бүсийн Хөнгөн Үйлдвэрийн Цогцолбор ТӨХК-тай хамтран төслийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тодруулвал, эрх бүхий байгууллагаар магадлуулсан “Арьс шир боловсруулах үйлдвэрийн зураг төсөл”-ийг Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдэд танилцуулж, хүлээн авах уулзалтыг зохион байгууллаа. Уг зураг төслийг танилцуулах нь үйлдвэрүүд өөрсдийн барилгын зураг төслөө боловсруулах, паркийн талбайд нүүн шилжих бэлтгэлээ хангах, үйлдвэрийн барилгажилтыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх зэрэг ач холбогдолтойгоос гадна нэгдсэн нэг стандарт, технологийн шийдлийг үйлдвэрийн барилгуудын төлөвлөлтөд ашиглах боломжтойгоороо онцлог юм.

Одоогийн байдлаар “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ”-г байгуулсан арьс шир боловсруулах есөн үйлдвэр төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж байгаа бол техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан бэлтгэл ажлаа хангаж буй найман үйлдвэр нэмэлтээр бүртгэгдээд байна.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл нь Улаанбаатар хот дахь арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн кластер хэлбэрийн цогц хөгжлийг бий болгох, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Түүнчлэн төвлөрсөн дэд бүтэц, байгаль орчны хяналт, бохирдлын нэгдсэн менежмент бүхий үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлснээр тогтвортой хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.


"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй