Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн технологийн албан хаагчдын дунд “UB IT-2026” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Мэдээллийн технологийн асуудал хариуцсан зөвлөх Б.Нарантуяа нээж үг хэлэв.
Тэрбээр энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд баримталж буй мэдээллийн технологийн нэгдсэн бодлогыг танилцуулах, кибер аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах болон салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж буйг онцоллоо.

Энэ үеэр НЗДТГ-ын Мэдээллийн технологийн газрын Дэд бүтэц, техникийн хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр “Арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 120 албан хаагч болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь мэдээллийн технологийн чиглэлээр сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдад мэдлэг олгоход чиглэж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Теле камерын нэгдсэн төв болон дэд төвүүдийг есөн дүүрэгт байгуулж, камерын хяналтын тогтолцоог нэгдсэн удирдлагад шилжүүллээ. Мөн нийтийн тээврийн нэгдсэн системийг ашиглалтад оруулж, 2025 оны аравдугаар сараас хэрэглээнд нэвтрүүлсэн. Цаашид энэ онд хиймэл оюун ухааныг нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд дөрвөн чиглэлээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн банктай хамтран Улаанбаатар хотын гэрлэн дохио, авто зогсоолын системийг бүрэн цахимжуулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.
“UB IT-2026” хэлэлцүүлэгт төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл солилцлоо:
- “Нийслэлийн цахим бодлого, кибер аюулгүй байдлын стратеги” сэдвээр НЗДТГ-ын Мэдээллийн технологийн газар,
- “Төрийн байгууллагуудын нэгдсэн систем болох GOV.MN” сэдвээр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар,
- “Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудын системийн эмзэг байдал” сэдвээр ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Үндэсний төв,
- Сүлжээний аюулгүй байдлын ухаалаг шийдэл, инновацлаг техник технологийн талаар хувийн хэвшлийн төлөөлөл танилцуулга хийлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд салбартаа идэвх зүтгэл гарган ажиллаж, амжилт гаргасан мэргэжилтнүүдэд шагнал, дурсгалын зүйлс гардуулав. Энэхүү хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргахад чухал түлхэц боллоо гэдгийг оролцогчид онцолсон юм.


| “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо | ||
| Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.